АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Египетэд 12 цагийн хугацаанд зочлох үеэрээ 200,000 ам.доллар зарцуулсан тухай хэвлэлийнхэн мэдэгдэж байсан.
Энэ удаад Меланиа Трампын өнгөрсөн онд Канадын Торонто хотод хийсэн нэг хоногийн аяллын зардлыг дэлгэжээ.
Тэргүүн хатагтай Торонтогийн зочид буудалд нэг өдөр байрлахдаа 12-79 мянган ам.долларын хооронд нийтдээ 174,000 ам.долларын өртөг бүхий зургаан өөр өрөө хөлсөлсөн байна. Гэвч тэргүүн хатагтай тэнд хоноогүй аж.
Энэ нь тэргүүн хатагтайн айлчлалын төсвөөс найм дахин үнэтэй байгаа юм. Торонто зочид буудлын бүртгэл дээр тэргүүн хатагтайн тээврийн зардал л гэхэд 21,000 ам.доллар байжээ.
Америкийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Төрийн департаментад хандан тэргүүн хатагтайн айлчлалын үеэр гарсан үргүй зардлуудад тайлбар хийхийг шаардсан байна.
Аливаа улс орны төрийн тэргүүн түүний гэр бүл гадаад айлчлал хийх үед аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ, харилцаа холбоо, унаа тээвэр зэрэгт зайлшгүй мөнгө зарцуулдаг.
Гэхдээ хатагтай Трампын гаргаж буй зардал өмнөх тэргүүн хатагтайгаас хэд дахин илүү байгаа нь хачирхалтай. АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишел Обама 2009 онд Дани улсад 10 хоногийн хугацаанд айлчлахдаа 18,320 ам.доллар зарцуулж байжээ. Харин 2014 онд Хятадад хийсэн хоёр хоногийн хугацаатай айлчлалдаа 220,000 ам.доллар зарцуулсан байна.
Эх сурвалж: www.qz.com