Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутагтуудын дүр, дүрслэл /XVII-XX зуун/” үзэсгэлэнг энэ сарын 23-ны баасан гарагийн 15:00-18:00 цагт олонд сонирхуулан дэлгэх юм. Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бүтээлийн цуглуулгаас Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүд онцгой байр эзэлдэг.
Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар, Хоёрдугаар Богд Лувсандамбийдонмэ, Гуравдугаар Богд Ишдамбийням, Дөрөвдүгээр Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц, Тавдугаар Богд Лувсанцүлтэмжигмэддамбийжалцан, Зургадугаар Богд Лувсантүвдэнчойжижалцан, Долдугаар Богд Агваанчойживаанчигпэрэнлэйжамц, Наймдугаар Богд Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу Богдуудын дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр зэрэг хосгүй үнэт үзмэрүүдээс эрхэм үзэгч дэлгэн, толилуулах юм.
Монгол орноо XVII зуунаас Богд жавзандамба хутагтууд тодрон оюун санааны том хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн намтар түүхийг олноор дурдсан байдгийг үзэсгэлэнд тавигдах сан хөмрөгийн 90 гаруй бүтээлээс харж болох нь ээ.