Алдарт Уолт Дисней кино компанийн хайж буй анхны долоон хүүхэлдэйн киноны нэг Япон улсаас олджээ. Японы иргэн цуглуулгандаа байдаг хальсыг сураггүй болсон ховор бүтээл гэдгийг мэдэх хүртлээ 70 жил хадгалсан байна.
84 настай Ясуши Ватанабэ өсвөр насны хөвгүүн байхдаа “Азтай туулай Озвалд” нэртэй хоёр минутын хүүхэлдэйн киног Осака дахь тоглоомын төвөөс ердөө 500 иен буюу одоогийн ханшаар дөрвөн фунт стерлингээр худалдаж авчээ.
Озвалд туулай орчин үеийн Мики Маузын анхны хувилбар юм. Японы цуглуулагч Ватанабэ Диснейн хүүхэлдэйн кинонуудыг бүтээдэг Дэвид Боссертын өнгөрсөн жил хэвлэсэн “Азтай туулай Озвальд: Алдагдсан Диснейн хүүхэлдэйн кинонуудыг хайх нь” номыг уншиж байгаад алдагдсан бүтээлийг 70 жил хадгалж ирснээ мэджээ.
Тэрээр “Би олон жил Диснейн шүтэн бширэгч байсан. Би уг бүтээлийг өдий хүртэл хадгалж, өөрийн зүгээс үнэтэй хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна” хэмээн ярьсан байна.
“Азтай туулай Озвалд” хүүхэлдэйн киног 1927 онд Уолт Дисней, Уб Иверкс нар хамтран бүтээжээ. Нийт 27 хүүхэлдэйн кино хийсэн байдаг ч хүн дүрстэй туулай Озвалдын дүрийг Юниверсаль Студи булаацалдаж, оюуны өмчийн маргаан үүссэн байна. Тиймээс Уолт Дисней туулайн дүрийг өөрчлөх хэрэгтэй болж шинэ дүр бүтээсэн нь Мики Мауз болжээ.
Үүнээс хойш хэдэн арван жилийн дараа 2006 онд Диснейн гүйцэтгэх захирал Боб Игер Озвалдын дүрийн эрхийг эргүүлэн худалдаж авсан байдаг.
Эх сурвалж: www.bbc.com