Шилдэг ахлах тогооч нарт олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал Мишлений одонг анх удаа Энэтхэгийн эмэгтэй ахлах тогооч хүртэхээр болжээ. Тайландын нийслэл Бангкок хот дахь “Гаа” зоогийн газрын ахлах тогооч Гарима Арора шагналын эзнээр тодорлоо.
Арора 21 настайдаа хоол хийх урлагт суралцахаар Мумбайгаас Парис руу нүүж “Кордон Блю” тогоочийн сургуульд элссэн байна. Тэрээр “одоо хүртэл итгэхгүй байна, энэ шагналыг хүртэнэ гэж огт бодож байгаагүй” гэжээ.
30 насандаа дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал авсан ахлах тогооч бүсгүй өмнө нь сэтгүүлчээр ажилладаг байжээ. Арорагийн төрж өссөн Энэтхэгийн Пунжаб муж цөцгийтэй тахиа, паранта зоогоороо алдартай. Пунжабын иргэд амттай зоогноос буцдаггүй, гэртээ ирсэн зочдоо сайхан зоогоор дайлж баярлуулах дуртай байна.
Мишлений одонг хүртсэн анхны Энэтхэг эмэгтэй ахлах тогооч Арораг хоолонд дуртай болоход аав нь чухал үүрэг гүйцэтгэжээ. 90-ээд оны үед хэний ч мэддэггүй байсан амтлагч хэрэглэж олон төрлийн хоол бэлтгэдэг байсан гэнэ.
Арора 2017 оны дөрөвдүгээр сард Бангкокт “Гаа” зоогийн газраа нээхээс өмнө хэд хэдэн алдартай зоогийн газруудад ахлах тогоочоор ажиллаж байжээ. Хоол гэдэг түүний хувьд амьд гайхамшиг бөгөөд өөрийн гараар зоог бэлдэж байхдаа тайвшралыг олдог хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: www.bbc.com