Ам.долларын ханш 2570 төгрөгт хүрч, оны эхнээс зургаа орчим хувиар чангараад байна. Энэ хугацаанд Монголбанк бараг нэг тэрбум ам.долларыг зах зээлд нийлүүлж, валютын нөөцөө дундалсан ч үр дүнгээ өгсөнгүй. Одоо үлдсэн нөөц нь 2.9 тэрбум ам.доллар. Энэ хэмжээний нөөцөөр мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг хамгаална гэвэл ойрын нэг жилдээ сэтгэл амар сууж болох ч түүнээс цаашаа ам.долларын ханш хэд хүрэхийг Төв банкны ерөнхийлөгч ч таашгүй.
Тэр цагт бид дэлхий нийтээрээ өрөвдөж суугаа венесуэльчүүдтэй ижил түвшинд очиж доройтно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Валютын нөөц гэдэг нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах ийм чухал эд. Тиймээс л эдийн засгийнхаа бүтцийг өөрчлөн импортлогчоос экспортлогч, гадаадын хөрөнгө оруулагчдыг хоймортоо залж хөрөнгө оруулалт татах бүхий л таатай орчинг бүрдүүлж, түүнийгээ аль ч засаг төрийн үед тогтвортой үргэлжлүүлэх талаар олон жил ярьж ирсэн. Гэвч сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлэх битгий хэл бүр эсрэгээрээ чангалахаар хичээж эхлэв.
Тухайлбал, УИХ-аар валютын орох гарах урсгалд тавих хяналтаа чангаруулахаар 1994 онд батлагдсан Валютын зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа. Уг хуулийн өөрчлөлтөөр Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн дайны аварга уурхайд хөрөнгө оруулах чадалтай компаниудын Монгол Улс дахь гүйлгээг Төв банкаар дамжуулан хийлгэж, хянахаар төлөвлөж буй аж. Энэ талаар стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулагчид манай албанхантай уулзахад ийм яриа өрнөжээ. Монголын талыг өндөр албан тушаалтан төлөөлсөн учраас “М”, хөрөнгө оруулагчдыг “Х.О” гээд товчилчихъё.
М: Танайхан манай улсад жилдээ 1-1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Гэхдээ бөөнөөр нь биш сард дунджаар 100 орчим сая ам.доллар оруулдаг. Оруулахдаа арилжааны банкуудад үнэ хаялцуулах зарчмаар худалдаж байгаа нь зах зээл дээрх валютын ханшийг хөөрөгдөөд байна. Тиймээс жилийн эхэнд бөөнөөр нь оруулж ирээд Төв банкинд байршуулчихвал, хэн хэндээ тустай юм биш үү. Жилийн эхэнд манай валютын нөөц нэг тэрбум ам.доллараар өснө, танайхан ч илүү явдал суудал болохгүй амар биз.
Х.О: Хамгаагүй, тэгж бол но. Гэхдээ ханшийн эрсдэлийг танай тал даах уу.
Угаасаа валютын чөлөөт хөвөгч дэглэмтэй манай улсын хувьд хөрөнгө оруулагчдын дээрх асуултад ямар ч эрх мэдэлтэн байлаа гээд баталгаатай хариу өгөх боломжгүй л дээ. Яагаад гэвэл, зах зээл өрөө зохицуулдаг зарчимтай учраас тэр. Үүний оронд манай талаас эдийн засгаа эрүүлжүүлэх хэт холын амлалт өгч магадгүй л юм. Валютын урсгалыг хянах хуулийн төсөлд “Монголбанк Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлогын бүрдэлтэд чухал ач холбогдолтой, стратегийн хөрөнгө оруулагч эдийн засгийн харьяат бус этгээдэд харилцан тохиролцсоны үндсэн дээр валютын данс нээх, төлбөр тооцоо гүйцэтгэж болно” гэх заалт багтсан. Зөвхөн үүгээр л стратегийн хөрөнгө оруулагчдаа хязгаарлачихаж байгаа юм. Хамгийн аюултай нь энэ мэтээр стратегийн хөрөнгө оруулагчдаа чангалахын ард дагаж олон сөрөг үр дагавар гарч ирнэ. Наад зах нь зургаан тэрбум ам.долларын IPO хийхээр яригдаж байгаа Тавантолгойн ордод олон улсын хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрнө. Монголын төр Оюутолгойг 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр дархалж, түүнийгээ олон улсын тавцанд зарласан.
Хэрэв Монголын тал үзэглэсэн гэрээгээ зөрчсөн тулган шаардалт хийж эхэлбэл гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх бус эсрэгээрээ саарна. Өмнө нь ч Оюутолгойгоос авахуулаад олон төсөл дээр эргэж буцсан алдаанаасаа үүдэж хөрөнгө оруулагчид, монголчууд аль аль нь багагүй хохирол амссан түүхтэй. Гэхдээ хөрөнгө оруулагч талтай харьцуулахад монголчууд улсаараа хохирсон гэдэг нь эмгэнэлт үнэн. Түүхээс сөхвөл, өндөр өсөлтийн гэгддэг 2011, 2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 46 хувь буюу бараг тэн хагастай нь тэнцэж байв. Улмаар Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө ядуу буурай орнууд дундаа ч биш, бүр дэлхийд тэргүүлж байлаа. Гэхдээ сайрхах үе 2015 оноор төгсгөл болж, гадаадын хөрөнгө оруулалт ДНБ-ий нэг хувьд хүрэхтэй, үгүйтэй болж татарсан явдал ердөө гурван жилийн өмнөх. Монголыг чиглэх хөрөнгө оруулалтын урсгал татарч эхлээд хоёр жил гаруй болоход эдийн засгийн өсөлт хасах руу орсон. Дээр өгүүлсэн 2011 онд 17 хувиас давж байсан ДНБ-ий өсөлт түүний дараах хоёр жилд хоёр оронтой тоогоо хадгалж үлдэхэд “Чингис бонд” нөлөөлсөн. Энэ бондын мөнгө гадаадын хөрөнгө оруулалт татрах нөлөөг хэсэгтээ л сарниулж байв.
2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.8 тэрбум болж дээд амжилт тогтоож байсан бол 2014 онд 276 сая ам.доллар, 2015 онд 182.69 сая ам.доллар болж буурсан байдаг. Улмаар 2016 онд тоймтой өсөөгүй ч 2017 онд 1.4 тэрбум ам.доллар болж эргэн сэргэсэн. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 820 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн дүнтэй байна. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалтын дээрх үзүүлэлтийг уул уурхайн мөчлөг дагасан гэж үзэж болох ч хямралын жишүүдэд зэсийн аварга орд Оюутолгойн хөрөнгө оруулалт зогсож, алтны салбарт урт нэрт хуулиуд төрж, стратегийн нүүрсний ордуудтай хөрөнгө оруулагч шалгаруулж чадаагүй нь мөчлөг сөрөх боломж олгоогүй юм. Харин “Чингис”-ээс “Гэрэгэ” хүртлэх бондуудын өрийн бичиг үйлдэхэд хүргэсэн. Тэгвэл гадаадуудын мөнгөний нөлөөгөөр сүүлийн хоёр жил дараалан эдийн засагт өсөлт ажиглагдлаа. Үүнийг дагаад хөдөлмөрийн зах зээл дээр ч ажил эрхлэлт нэмэгдэж байна. Амьдралд хангалттай биш ч иргэдийн дундаж орлого, цалин өссөн үзүүлэлт гарч байгаа. Энэ нь иргэдийн хэрэглээг тэлэхэд нөлөөлж байна. Хамгийн чухал нь эдийн засаг дахь хөрөнгө оруулалт нэмэгдсэн.
Үүнд гадаадын шууд хөрөнгө оруулалт зонхилсон. Гадаадын шууд хөрөнгө оруулалтад хамгийн их нөлөө үзүүлж буй нь “Оюутолгой” компани. Тус компани энэ жил нийтдээ 1.1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг эдийн засагт хийж байна. Ирэх хоёр жилд 1.1-1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо бий. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний гурван улиралд 6.4 хувиар өсөөд байгаа юм. Энэ нь 2015 оноос хойшхи хамгийн өндөр өссөн үзүүлэлт бөгөөд Оюутолгойн хөрөнгө оруулалт дагасан худалдан авалт, Тавантолгойн нүүрсний тээврийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Улмаар эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт 18.3 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 3.8 их наяд төгрөг буюу 26.1 хувиар суга өссөн дүн өчигдөрхөн гарчээ. Энэхүү өсөлтийг экспортын орлого, гадаадын шууд хөрөнгө оруулалт санхүүжүүлсэн. Экспортыг аваад үзвэл жилийн дотор орлого 15 хувиар өсч, эхний хагас жилийн байдлаар 3.6 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний дийлэнхийг нүүрс болон зэсийн баяжмал эзэлсэн. Харин зэсийн баяжмалаа хөрөнгө оруулагчдын “нүдэнд үзэгддэггүй мөнгө”-өөр ухаж байгаа.
Ялангуяа түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өссөн энэ үед Монгол Улс хөрөнгө оруулагчдын сонирхлыг өмнөх шигээ татаж байгаа. Гэхдээ өнгөрсөн 2012 оных шиг өндөр дүнтэй хөрөнгө оруулалт орохгүй байгаад төр засгийн эргэж буцсан шийдвэрүүд, УИХ популист хууль баталж, түүнийгээ мөрдүүлэхээр гэрээ хэлцлээ зөрчсөн явдал нөлөөлсөн. Үүнээс хамгийн их хохирол амссан нь уул уурхай, уул уурхайгаас гол орлогоо олдог Монгол Улс байсан юм. Угаасаа өнгөрсөн 27 жилийн хугацаанд гадаадаас чиглэсэн валютын 80 хувь нь уул уурхайн салбарт орсон байдаг. Нүүрс, зэс, алтны үнэ өссөнөөр, манайд орж ирэх валютын хэмжээ нэмэгдсэн. Гэтэл улстөрчид валютын урсгалаа хаахаар зүтгэж байна. Харин нөгөө талд нь УИХын валютын орох урсгалыг нэмэгдүүлж Төв банкны нөөцийг одоогийнхоос хоёр дахин их буюу 6.5 тэрбум ам.долларт хүргэх тогтоол батлаад байгаа. УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлд энэ талаар тусгасан. Мөн Засгийн газраас Тавантолгой, төмөр зам гэх мэт мега төслүүдээ хөдөлгөхөөр хөрөнгө оруулагчдын эрэлд мордоод байгаа юм. Алдаатай бодлого гэдэг л энэ байх.
Д. Дорж