Хан-уул дүүрэгт байрлах хүчирхийллийн хохирогч нарт үйлчилгээ үзүүлдэг “Түр хамгаалах байр”-ыг өргөжүүлэн “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх төв” болгожээ.
Нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр орон нутагт хүчирхийлэлд өртөж буй хүмүүс, хүүхдүүд, хохирогчийн тоо буурна гэж үзэж байгаа гэнэ. Тус төвд үндсэн мэргэжилээрээ 3-10 жил ажилласан хоёр сэтгэлзүйч, дөрвөн нийгмийн ажилтан нар 24 цагийн турш өглөө, оройн ээлжээр тогтмол үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн хүчирхийлэлд өртсөн иргэд тус төв дээр ирэх үед нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар юуны өмнө хохирогчдод эрсдлийн үнэлгээ хийж, ямар төрлийн үйлчилгээнүүд шаардлагатайг илрүүлэн, эмнэлэг, шүүх цагдаа, хамтарсан баг зэрэг шаардлагатай байгууллага, хүмүүс рүү нь холбон зуучлах үйлчилгээг үзүүлж, амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах магадлалтай, эсвэл ойрын танил, садан байхгүй хүмүүсийг нэг цэгийн үйлчилгээний төвд 24 цагаас, 1 сарын хугацаанд байрлуулж, эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэнэ.