БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Дөргөн, Мянгад, Буянт сумдад ажиллахдаа сумдын боловсрол, соёл урлагийн байгууллагуудын ажил байдалтай биечлэн танилцаж, салбарынхаа багш, ажилтнуудтай уулзан, тэдний санаа бодлыг сонсч мөн Засгийн газраас боловсрол, соёл урлагийн салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Дөргөн сум 724 өрх, 2885 хүн амтай. Уламжлалт ахуй, соёл, ёс заншлаараа өвөрмөц тооцогдох дөрвөд ястан нийт хүн амын 99.6 хувийг эзэлдэг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль 480 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 623 хүүхэд суралцаж буй. Үндсэн багш 40, нийт 67 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр хичээлийн байр, нэг дотуур байртай үйл ажиллагаа явуулдаг.
1979 онд байгуулагдсан сумын цэцэрлэг долоон бүлэг, 28 багш ажилтантай, 213 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж буй. Сумын хэмжээнд сургуулиас өмнөх боловсролд хамрагдах ёстой 303 хүүхэд байдгаас 88 хувийг СӨБ-д хамруулж байгаа аж. Ирэх онд 40 жилийн ойгоо тэмдэглэх тус цэцэрлэг гал тогооны тоног төхөөрөмж, дуу хөгжмийн кабинетын тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом наадгай зэрэг дотоод тохижилтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүсчээ.
Сумын Соёлын төв 1959 онд Улаан булан нэртэйгээр байгуулагдаж байсан бол 2000 оноос Соёлын төв болон өргөжсөн. Энэ оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ Соёлын төвийн барилга баригдаж байгаа. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Соёлын төвийн барилгатай биечлэн танилцаж 2019 оны гуравдугаар улиралд багтааж ашиглалтанд оруулахыг гүйцэтгэгч компанид үүрэг болгожээ. Ингэснээр Дөргөн сумынхан ирэх онд 1300 орчим ам метр талбайтай хоёр давхар, орчин үеийн шийдэлтэй Соёлын төвтэй болох юм.