Нохой бол хүний үнэнч анд гэж олон хүн ярьдаг. Японы Хачико нохойны түүх үүнийг баталж, дурсгалд нь зориулж хөшөө босгон түүх домог болж үлдсэн.
ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод Хачико нохойны түүхийг эргэн сануулам бичлэг цахим сүлжээнд тархаж, олны анхаарлыг татжээ.
Хөх хотын дунд байдаг автозамын хашлаганы дэргэд өдөр бүр ирж эзнээ хүлээдэг нохойн талаар Хятадын цахим сүлжээ Weibo-д нийтэлсэн байна.
Нохойны эзэн өнгөрсөн наймдугаар сарын 21-ний өдөр автозамын ослоор нас барж, эзнээ хүлээсэн нохой түүнээс хойш өдөр бүр хамгаалагч шиг зам сахин суудаг болжээ.
" alt="" />
Хятадын сая сая цахим сүлжээ хэрэглэгч нохойны бичлэгийг бусдадаа түгээсэн байна.
Хөх хотод такси барьдаг жолоочийн ярьснаар “автозамын ослоос хойш энэ нохой өдөр бүр хашлага бараадан зам сахидаг болсон. Дуу чимээнээс үргээд буцчихдаг ч өдөр бүр яг нэг газраа ирж ямар нэг зүйл хүлээдэг” гэжээ.
Нохойнд хайртай хүмүүс заримдаа түүнд зориулж замын хажууд хоол үлдээдэг болсон байна. Гэвч өвөл болж гадаа хүйтэрсэн тул зарим иргэд цахим сүлжээгээр дамжуулан нохойны эзний гэр бүлийг олж өгөхийг уриалжээ.
Орон нутгийн хандивын байгууллага нас барсан эзнийх нь гэр бүлийг хайж, хэрэв холбогдож чадахгүй бол нохойнд гэр олж өгөхөөр болсон байна.
Японы нийслэл Токиогийн Шибуяа галт тэрэгний буудал дээр эзэнтэйгээ уулзахаар есөн жил хүлээсэн Хачико нохойны түүхээс гадна үнэнч нохдийн хэд хэдэн сэтгэл хөдөлгөм түүх байдаг аж.
2015 онд Америкийн Айова мужид хагалгаанд орохоор эмнэлэгт хэвтсэн эзэнтэйгээ уулзах гэж 20 гудамж гаталж ирсэн нохойны тухай мэдээлэл олны анхаарлыг татаж байж.
Мөн энэ жил Хятадад Сионьсион нэртэй хөгшин нохой ажлаа тараад ирэх эзнээ угтаж метроны буудал дээр хүлээдэг тухай мэдээ олонд хүрсэн юм.
Эх сурвалж: www.straitstimes.com