Дэлхий даяар салбартай “Burger King” түргэн хоолны сүлжээ зоогийн газар манай улсад 2015 онд хамгийн анх нээгдэж байжээ.
1970-аад оны үед АНУ, Канадаас хөгжиж Европын орнуудад шинэ сүлжээгээ нээж байсан түргэн хоолны газрын ирээдүй хэрхэн өөрчлөгдөх вэ?
“Burger King”-ийн маркетинг
Уг түргэн хоолны сүлжээ зоогийн газрын толгой “Restaurant Brands International” буюу “QSR” компани Америк даяар нэрээ өөрчилж “Burger King of Tomorrow” болгож шинэчлэл хийхээ өнгөрсөн сард мэдэгдсэн.
Гэвч өнөөдөр “Burger King” нэрээ сольсоноос өөрөөр ирээдүйгээ шинэчлэн бүтээж амжаагүй байна гэж CNN агентлагийн нийтлэлч бичжээ.
Өөртөө үйлчлэх мухлагууд, тухлаг ширээ сандал, жолооч нарт үйлчлэх автомашины хоёр эгнээ зэргийг шинэчлэн байгуулахаар болов. Гэвч эдгээрийг бусад өрсөлдөгчид нь нэлээд хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлсэн.
Харин бургерын хаан уг менежментийг одооноос л санаачилж үйлчлүүлэгчдээ татахаар төлөвлөж байна.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд дэлхий дээр 15,000 гаруй салбартай, 40 мянга орчим ажилтантай томоохон сүлжээ түргэн хоолны газар юунд анхаарлаа хандуулав гэдгийг сонирхъё.
Тэд бүтээгдэхүүний шинэчлэл, цэс зэрэг бусад маркетингдаа анхаарал хандуулсаар иржээ. Тухайлбал, аймшгийн баярт зориулсан хар өнгийн бургер, улс төрийн байдалтай уялдуулан “чик такс” буюу шарсан тахиа зэргээр цэсээ шинэчилсээр байна.
Гэвч энэ нь ашиг орлогоо нэмэгдүүлж, үйлчлүүлэгчдийг татахад хангалтгүй.
“QSR” компанийн мэдэгдэж байгаагаар энэ оны эхний улиралд ашиг орлого боломжийн байсан ч хоёрдугаар улиралд 1,8 хувиар өсч, гуравдугаар улиралд 0,7 хувиар буурсан байна.
“Burger King”-ийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг “McDonald’s”-ын орлого оны гуравдугаар улиралд 2,4 хувиар өсчээ.
Өнгөрсөн зун “McDonald’s” 2020 он хүртэл шинэчлэл хийхэд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсноо мэдэгдэж байсан.
Үүнд мөн өөртөө үйлчлэх гал тогоо, дижитал цэсний шинэчлэл багтжээ.
Түргэн хоолны газруудад тохилог тав тухтай орчин чухал боловч ихэнх газрууд ижилхэн байдаг. Харин “McDonald’s” энэ тал дээр бусдаас онцгой гэж франчайз эрх олгогчид хардаг.
Сүлжээ зоогийн газруудыг шинэчлэн тохижуулж, хэрэглэгчдэд тав тухтай суудал, үнэгүй утасгүй интернэт, дижитал цэсээр үйлчлэхэд багагүй зардалтай ч франчайз эрх хүсэгчдэд хүндрэл биш юм.
“МcDonald’s”, “Wendy” зэрэг түргэн хоолны газруудыг бодоход “Burger King” аль нэг томоохон корпорацийн охин компани биш. Тиймээс илүү их хүчин чармайлт гаргаж байж зах зээлдээ хүчирхэг өрсөлдөгч хэвээр үлдэнэ.
Цаашид хэрэглэгчдийнхээ тоог өсгөж, ашиг орлогоо нэмэхийн тулд зоогийн газруудынхаа тоог ихэсгэж, байнгын захиалгаа өсгөх хэрэгтэй гэж “Глобалдата” зах зээлийн судалгаа хийдэг компанийн захирал Нэйли Саундерс хэлжээ. Байнга борлогддог бүтээгдэхүүн бол бургерын талх, цөцгий байдаг.
“Burger King” шинэчлэлт хийхэд багагүй хугацаа орно. Урт аяллаа дөнгөж эхлүүлж байгаа гэдгийг өнгөрсөн сард “QSR” толгой компаниас мэдэгдэж байсан юм.
Эх сурвалж: www.cnn.com