Жил бүрийн арваннэгдүгээр сард БНХАУ-д зохиогддог “Xingqiu Cup” олон улсын тэмцээн уламжлал ёсоор Жэжянь мужийн Лишуй хотод болж өндөрлөв. Зургаа дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд 106 даамчин өрсөлдөн ур чадвараа сорив.
Швейцарь системээр 9 өрөг тоглоход эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг 12 оноогоор 7-р байр, ДДХМ Д.Ганболд 10 оноогоор 19-р байр, эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Б.Мишээл 11 оноогоор 11-р байр, ДДХМ Б.Мөнхжин 9 оноогоор 22-р байр, ДДХДМ Д.Одонтуяа 6 оноогоор 39-р байр, 14 хүртэлх насны охидын ангилалд ДДХМ Э.Хүслэн 10 оноогоор 2-р байр, хөвгүүдийн ангилалд спортын мастер Б.Баярманлай 9 оноогоор 9-р байр тус тус эзэллээ.
Дэлхийн цомын оноо цуглуулах цувралын энэ оны сүүлчийн тэмцээн гэдэг утгаараа Lishui Open-д олон шилдгүүд ирж оролцсон юм. ОХУ, Украин, Голланд, Хятадын 7 их мастертай тоглосон гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 3 хожиж, 6 тэнцсэн амжилтаар 7-р байр эзэлж, 7000 юаний шагнал хүртжээ.
Хэдхэн хоногийн өмнө Беларусьт болсон өсвөрийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Мишээл тэмцээний 5-р тавилд “Turkish Open 2018”-ын аварга, Оросын их мастер Иван Трофимовтой тэнцэж, сүүлийн өрөгтөө Якутын туршлагатай ОУМ Наталья Шестаковаг хожсон. Харин ДДХМ Э.Хүслэн Беларусийн Ольга Федорович, БНХАУ-ын Жао Ханчин, Украины Ольга Балтажи, ОХУ-ын Иван Трофимов нарын дөрвөн гроссмейстертэй дараалан тоглохдоо 5 оноо (1 хожиж, 3 тэнцсэн) авч, охидын ангилалд мөнгөн медаль хүртэв.