СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-14

Засгийн газрыг огцруулах асуудлаар УИХ-ын гишүүд юу хэлэв

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийх үеэрээ Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулах тухайгаа мэдэгдсэн. Түүний гаргасан уг саналыг Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн тусгажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн санал 19 болон түүнээс олон гишүүний дэмжлэг авбал УИХ-аар хэлэлцэх юм. Энэ талаар зарим гишүүний байр суурийг хүргэж байна.

 

А.Ундраа: ­Засгийн газрыг огцрохыг дэмжиж байгаа

-Бид хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийнхаа хүрээнд ажлаа явуулах ёстой. Тэр утгаараа УИХ­ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. УИХ­ыг тараах, нийгэмд үймээн самуун дэгдээх гэсэн чиглэл бүхий үгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ­ын чуулганы үеэр хэлсэнд миний хувьд сэтгэл дундуур байгаа. УИХ­аас баталсан хууль тогтоомж, баталсан төсвийн хүрээнд гүйцэтгэх засаг үйл ажиллагаа явуулах ёстой болохоос бус хууль тогтоогчдын ажлыг зааж болохгүй. Засгийн газрыг огцрохыг дэмжиж байгаа.

Б.Пүрэвдорж: ­Гарын үсэг цуглуулбал АН-­ын бүлэг дэмжихэд бэлэн

-МАН­ын гишүүд гарын үсэг цуглуулж, АН-­ын зарим гишүүн дэмжиж өмнөх Засгийн газрыг огцруулж байсан. Өнөөдрийн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал энэ намын өөрсдийнх нь дотоод асуудал. Энэ асуудлаар гарын үсэг цуглуулбал АН­-ын бүлэг дэмжихэд бэлэн. Учир нь, өнгөрсөн хугацаанд энэ Засгийн газар огт ажил хийсэнгүй. Засгийн газар болон МАН­-ын гишүүд ЖДҮХСгаас хууль бусаар зээл авсан асуудалд нэр холбогдсон учир ёс зүйн хариуцлага тооцох ёстой. Хамгийн гол нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ёстой хөрөнгийг 250 сая төгрөгөөс хоёр тэрбум төгрөг болтол нь өсгөж зээлж байгаа нь ёс бус үйлдэл. Иймд би У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал УИХ­д орж ирвэл хоёр гараа өргөөд дэмжинэ. 

 

Я.Санжмятав: ­Манай бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдаагүй

-Ийм зүйл болно гэж бодож байсангүй. Хариуцлагын асуудал яригдаж байна. МАН-­ын дарга, Ерөнхий сайд намынхаа бүтцийн байгууллагад сайд, гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудал яригдаж байна. АН­ын бүлгийн зүгээс ЖДҮХСаас зээл авсан УИХ­-ын гишүүдийн асуудлаар холбогдох хүмүүст нь хариуцлага тооцохыг шаардаж байгаа. ЖДҮХС­аас зээл авсан гишүүдийн асуудал эрчимтэй яригдаж байна. Мэдээж, холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох байх. Дараа нь 27 санг шалгаж нэг мөр асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Одоогоор манай бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлаар хуралдаагүй байна.

Х.Баделхан: Засгийн газар өөрийн эрхийн хүрээнд ажлаа хийж байгаа

-Засгийн газар өөрийн эрхийн хүрээнд ажлаа хийж байгаа. Ер нь олон жил хуримтлагдаж, шийдэгдэхгүй байсан асуудлуудыг шийдэж байна. ЖДҮХСгаас зээл авсан гишүүдийн хувьд эхлээд шалгуулах ёстой. Авсан компани нь зориулалтын дагуу зарцуулж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй. Хэрэв авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж, графикийн дагуу төлж байвал өөр хэрэг. УИХ­-ын дарга, бүлгийн даргыг огцруулах тухайд Удирдах зөвлөлөөр шийдвэр гарсан байна. Ер нь МАН-­ын бүлэг МАН-­ын Удирдах зөвлөл, Бага хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой.

О.Баасанхүү: ­У.Хүрэлсүх үтэр түргэн явах ёстой. Харагддаг шигээ хүн биш

-УИХ­ын үйл ажиллагаатай холбоотой асуудлын тухайд УИХ­ын дарга М.Энхболд ажлаа хуулийн дагуу хийж байна. Энэ хүнээс өөр хүн байсан бол ямар байх вэ. З.Энхболд УИХ­ын дарга байхад УИХ ямар байсныг та бүхэн мэдэж байгаа. Хувь хүн, намд нь асуудал байгаа бол тэдний намын л дотоод асуудал. Энэ Засгийн газрын тухайд хариуцлага тооцох ёстой. Гэвч УИХ сайд нарт хариуцлага тооцож болохооргүй байна. Өөрөөр хэлбэл, Я.Содбаатар, Ц.Даваасүрэн сайд нарт хариуцлага тооцох хууль алга. ЖДҮХС­аас зээл авахдаа авлигалын хэлбэрээр авсан. Зээл авсан бүх гишүүд мөнгө угаасан. Ийм гэмт хэрэг байж болохгүй. Засгийн газар амласан ажлаа хийхгүй байна. Утаа, шатахууны үнэ, валютын ханш гэх мэт асуудлаар амласан ажлаа хийгээгүй. У.Хүрэлсүх үтэр түргэн явах ёстой. Харагддаг шигээ хүн биш.

 

М.Оюунчимэг: ­Засгийн газраар ингэж оролдох нь буруу

-Д.Хаянхярваа гишүүний хувь хүний өөрийнх нь бодол байх. УИХ-­ын гишүүний хувьд Засгийн газраар ингэж оролдох нь буруу гэж бодож байгаа. Засгийн газар сайн ажиллаж байна. Ямар ч байсан өрөө барагдуулж байгаа. Эдийн засаг өсөлттэй болчихлоо. Мөн хүмүүстээ хариуцлага тооцож чадаж байна. Өмнө нь ийм байгаагүй. Тиймээс бодолтой хандах ёстой. Засгийн газрыг огцруулахад би гарын үсэг зурахгүй. Харин бүлгийн даргын хувьд хариуцлага хүлээх ёстой гэдэг Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Олонхоороо шийдээд явна.

 

Ч.Хүрэлбаатар: ­Засгийн газрыг огцруулах үндэслэл байхгүй

-Засгийн газрыг огцруулах үндэслэл байхгүй. Д.Хаянхярваа гишүүний мэдээллийг үзсэн. Нэлээд алдаатай, буруу зүйл ярьж байна лээ. 2018 оны төсвийг 2017 онд өргөн барихдаа ЖДҮХС дээр хөрөнгө тавилгүй оруулж байсан. Үүний дараа 2019 оны төсвийг Засгийн газар өргөн барихдаа мөн ЖДҮХС­д мөнгө тавихгүй оруулж байв. Учир нь, Сангийн яам 2017 оны сүүлчээр энэ санд шалгалт хийсэн юм. Ингээд хөрөнгө, мөнгийг үр дүнтэй зарцуулахгүй, шийдвэр буруу гарч байна. Зөрчилтэй механизмаар дамжуулж зээл олгож болохгүй гэсэн зарчмыг Засгийн газар барьсан. Энэ зарчмыг хоёр жил барьсныг УИХ­аас ажлын хэсэг гарч ажиллахдаа нэмсэн.

Н.Оюундарь: ­Асуудлаа хоорондоо ярилцаж, ойлголцох ёстой

-Үндсэн хууль бол бидний дагаж мөрдөх баримт бичиг. Үндсэн хуульд УИХ болон Засгийн газрын зааг ялгааг тодорхой тусгасан. Тийм учраас Үндсэн хуулийнхаа дагуу асуудлыг шийдэх ёстой болов уу. Улс төрд дотоод зөрчил гарахыг үгүйсгэхгүй. “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдгийн адил асуудлаа хоорондоо ярилцаж, ойлголцох ёстой гэж би хувьдаа үзэж байна.

 

Б.Энх-Амгалан: Хувь хүний асуудал ярихаар Засгийн газарт наах нь зохимжгүй

-Ер нь нэг хүний асуудал. Бүлгийн даргын энэ асуудал нь МАН-­ын нам, УИХ дахь төлөөллийнхөө нэг хариуцлагатай албан тушаалтныг өөрчлөх тухай асуудал юм. Нам өөрийн дүрэмтэй. Удирдах зөвлөлийн шийдвэрээр бүлгийн даргад итгэл үзүүлэхгүй, хамтран ажиллахгүй, бүлгийн хурлаар оруулж чөлөөлнө гэсэн юм билээ. Хувь хүний асуудал ярихаар Засгийн газарт, бусдад наах нь зохимжгүй. Иймд хариуцлага алдсан нөхдүүдтэй хариуцлага тооцно гэж намын дарга мэдэгдсэн. Энэ дагуу асуудал явж байна. Ер нь улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүнд байгаа тохиолдолд төр засаг тогтвортой ажиллах ёстой. Дураа хүрэхээр байгуулж, дургүйгээ хүрэхээр тараадаг тоглоом биш.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.