Өчигдөр өдөржин төрийн ордонд хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбум төгрөгийн асуудалд орооцолдсон, намын нэр хүнд унагасан хэргээр албан тушаалаас нь огцруулах асуудлыг намын дарга У.Хүрэлсүх хөндсөн ч эцсийн дүндээ уг асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцэх болжээ. Харин Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах саналыг НИТХ-д явуулахаар тогтож, тэр дор нь албан бичиг үйлдэн НИТХ руу илгээсэн аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн асуудлаар Засгийн газрыг “өмгөөлж хамгаалаагүй”, зөрүүтэй байр суурь чуулганы танхим дээрээс илэрхийлсэн учраас бүлгийн даргын албан тушаалаас огцруулахаар болжээ.
Удирдах зөвлөлийн хуралдаан ширүүн уур амьсгал дунд болсон бөгөөд Намын даргадаа таалагдаагүй хүмүүсийг хомроглон “өс хонзон” авч эхэлснийг өнөөдөр хийсэн мэдээлийнхээ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “нотолсон”.
Өчигдрийн Удирдах зөвлөлийн хуралдаан дээр тэр бүр дуугараад байдаггүй УИХ-ын дарга М.Энхболд хүртэл ширүүхэн үгсийг намын дарга руугаа чулуудсан аж.
Тэрээр: Би МАН-ыг сөрөг хүчнээс эрх баригч болгосон. Надад ажлаа өгөх шалтаг шалтгаан байхгүй. Би хууль зөрчөөгүй. Монгол төрийн тогтвортой байдлын төлөө аливаа сонирхолоос хамгаалж тууштай ажилласан. Хэрэгтэй цаг үед зугтчихаад, эрх баригч болохоор дарга болоод даналзах шаардлага байхгүй шүү.
УИХ ДАХЬ МАН БҮЛГИЙН ДАРГА ХАЯНХЯРВАА:
-Биднийг 60 тэрбумынхан гэж үзэж ажлаа өгөхийг хүсч байгаа юм байна. Тэгвэл 65 тэрбум төгрөг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас бодитойгоор аваад идчихсэн гишүүдэд хэн хариуцлага тооцох вэ. Би ажлаа өгөхөд бэлэн. Ингэлээ гээд чиний засгийн сайд нарын хулгай дарагдахгүй. Би ЖДҮ-ийн асуудлыг эцэсийг нь хүртэл тэмцэх болно.
ХОТЫН ДАРГА С.БАТБОЛД:
-2.5 жилийн турш хотыг хөгжүүлэхийн төлөө чадахаараа зүтгэлээ. 30 жилд төрд ажиллахдаа хулгай хийгээгүй, төрийн мөнгөнд би гар дүрээгүй. Харин энэ ажлыг авсанаас хойш долоо хоног бүрийн пүрэв гарагт над руу довтолсон, миний нэр хүндийг унагаах гэсэн, сүүлдээ бүр гутаан доромжилсон мэдээллийг зориудаар 2.5 жил түгээсэн. Нэр хаяггүй энэ цахим хуудаснуудыг хуулийн байгууллагаар шалгуулахад бүгд МАН-ыг байрнаас байсан. Суудалтайгаа би зууралдахгүй ч гэлээ эхлүүлсэн ажлаа дуусгах нь нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож байна.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Жижиг дундын зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн албан тушаалын асуудлыг ярих хэрэгтэй шүү. Албан тушаалаас нь огцруулах цаг болсон гэсэн байна.
Ц.Нямдорж сайдын хэлсэн үгнээс харвал 33-ын бүлэг дотроо зөрчилдөөнтэй байгаа аж. Учир нь Ц.Нямдорж бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг өнгөрсөн намар унагах “операци” явагдаж байх үед У.Хүрэлсүхэд нэгэн биений тал мэт зүтгэж, тухайн үед намын дарга асан М.Энхболдын эсрэг хүчтэй PR ажиллагаа явуулсан нэгэн. Түүнийхээ ч “шагнал”-ыг хүртэж У.Хүрэлсүхийн засгийн газарт ХЗДХ-ийн сайдын албан тушаал авсан. Өөрөөр хэлбэл тэрээр 33-ын бүлгийн гол байр суурийн нэг.
Гэтэл өчигдөр болсон намын Удирдах зөвлөлийн хурал дээр У.Хүрэлсүхийн баруун гар гэгдэж байгаа МАН-ын ЕНБД Д.Амарбаясгаланг огцруулах асуудлыг илэрхийлсэн нь 33-ын бүлэг дотроо томоохон зөрчилдөөнтэй байгааг харуулж байгаа хэрэг.
Түүгээр ч барахгүй ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд 33-ын бүлэг дотор мундахгүй олон бий. Ганц Д.Батзоригоор туг тахиад өнгөрүүлэх бус бусад гишүүд, сайд нарт ч хариуцлага тооц хэмээн нийгэм бухимдаж байгаа энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийг нь дэмжиж Ерөнхий сайд, намын даргын албан тушаалд тавьсан 33-ын бүлгийн нөхдөөсөө “түр зуур” нүүр буруулахад хүрч байгаа аж. Үүнд бухимдсан 33-ын бүлгийн гишүүд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн эхлүүлсэн Засгийн газрыг унагах бланк дээр гарын үсгээ зурчихсан ч яахав хэмээн өөр зуураа шивнэлдэж эхэлжээ.