Монгол Улсын эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр зүрх судасны тогтолцооны өвчний нас баралт 10 мянган хүн тутамд 503.9 буюу нас баралтын тэргүүлэх шалтгаан болжээ. Энэ өвчний улмаас жил бүр 5000-5500 хүн нас бардаг байна. Энэхүү өвчин зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресст өртөх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэйг мэргэжилтнүүд тогтоогоод байгаа юм.
Тиймээс бүх нийтийг зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх зорилгоор “Өдөрт 10000 алхам” эрүүл мэндийн өдөрлөгийг Богд уулын Баруун ширээт аманд зохион байгууллаа. Энэ нь иргэдэд эрүүл амьдралын хэв маяг, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зорилготой орон даяар эхлүүлж буй ажил юм.
Сонирхуулахад, 10 мянган алхам нь 7-8 км газар аж. ЭМЯ, ДЭМБ-аас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБын Суурин төлөөлөгч Сергей Дордица, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц нар оролцож, “Улаанбаатар аялагч”, “Алтайн ирвэс” клубын хамт олонтой арав гаруй км алхав. Энэхүү аян нь Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээ аж.
Энэ үеэр ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Дордица “Монгол Улсын хүн амын нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хамралт нь бүсийн бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр хувьтай байна. Харин халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт хяналт, иргэдийн амьдралын буруу хэвшил, хотжилт болон орчны эрүүл мэнд, агаарын бохирдолтой холбоотой хүндрэлтэй асуудлууд бий болжээ. Тиймээс үүнд түлхүү анхаарах цаг болсон” гэсэн юм. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ДЭМБ-аас судалгаа хийж, хүн өвчлөхгүй байх бүрэн боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ нь зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийх, архи, тамхийг хязгаарлах юм.
Манай улсын 40-65 насны 750 мянган иргэн бий. Эдгээрийн 25 хувь нь зүрх судасны өвчлөлтэй байгаа. Бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн хүртээмж үйлчилгээг хүн нэг бүрт хүргэхэд дан ганц салбарын яам, эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтнүүд биш иргэдийн өөрсдийн оролцоо, санал санаачилга, идэвх зүтгэл чухал юм. Цаашид иргэдийн өөрсдийн санаачилга бүхий эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх аян, зөв зүйтэй санаачилгыг салбарын зүгээс дэмжих болно” гэв.
С.Марал