АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бүрэн эрхийн дунд хугацааны сонгууль амжилттай явагдаж өнгөрлөө. Эрх баригч Бүгд найрамдах намынхан Сенатын танхимд олонхийн байр сууриа хадгалж чадсан бол сөрөг хүчин Төлөөлөгчдийн танхимыг өөрсдийн болгов. Ийнхүү АНУ-ын дотоод улс төрийн түүхэнд тэмцлээр дүүрэн нэгэн сонирхолтой хуудас шинээр эхэллээ.
Конгрессийн хоёр танхимд өөрсдийн давамгайллыг хоёр жилийн турш үргэлжлүүлж, шийдвэр бүрээ саад бэрхшээлгүй хэрэгжүүлж байсан Бүгд найрамдах намын бодлого өөрчлөгдөхөөс гадна Ерөнхийлөгч Трампыг чиглэсэн эсэргүүцэл эрчимжих нь тодорхой болоод байна. Ардчилсан намын хоёр жилийн тэмцэл үр дүнгээ өгч, тэд Ерөнхийлөгч Трампын татварын эргэн төлөлт, түүний шийдвэр ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг мөрдөн шалгах эрхтэй болж байгаа юм.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн Хойд Солонгос, Саудын Араб болон ОХУ-тай үүсгээд буй харилцаанд Төлөөлөгчдийн танхим шүүмжлэлтэй хандаж, зарим шийдвэрээс эргэж буцахад ч хүргэж магадгүй. Ерөнхийлөгч Трампыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчирсан Мексикийн хил дээр хана барих амлалт ч сүйрэх нь дамжиггүй. Учир нь, Ардчилсан намын тодотголтой болж буй Төлөөлөгчдийн танхим үзэл санааны зөрчил гэсэн нөхцлөөр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл, их хэмжээний санхүүжилт шаардагдах төслүүдийг гацаана.
Үүн дээр нэмээд дурдахад Ерөнхийлөгч Трампын эхлүүлсэн татварын дайнууд, цагаачлалын эсрэг бодлогууд ч зогсохыг үгүйсгэхгүй. Нийт сонгогчдын гуравны хоёр нь зүүн зүг эргэсэн шалтгаанаа Ерөнхийлөгч Трампаас болсон хэмээн тайлбарласан. Мөн “CBS News”-ийн авсан санал асуулгад оролцсон иргэдийн 55 хувь нь Ерөнхийлөгч Трампын үйл ажиллагаа таалагдахгүй байгаа гэсэн хариулт өгчээ. Санал хураалтаас долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч Трампын дэмжигч экс Ерөнхийлөгч Барак Обама болон Хиллари Клинтон тэргүүтэй Ардчилсан намын нөлөө бүхий гишүүд, Унгар-Америкийн тэрбумтан Жорж Сорос зэрэг алдартнууд руу тэсрэх бөмбөг илгээсэн хэрэг гарсан.
Питтсбург хотод Еврейн шашинтнууд руу зэвсэгт этгээд халдаж 11 хүний аминд хүрсэн хэрэг Трампыг дэмжигч байсан байх магадлалтай. Энэ мэт хэргүүд бүгд найрамдахчуудын рейтингийг унагаахад нөлөөлсөн байх тал бий. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи анхны сонгууль гэдэг үүднээсээ иргэдийн хандлага, Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй дүнг харуулсан юм. Өнгөрсөн жилүүдэд хэрэгжсэн эрс тэс бодлого, шийдвэрүүдэд уурласан иргэдийг Ардчилсан нам амжилттайгаар өөрсдийн талд оруулж чадлаа хэмээн ажиглагчид бичиж байна.
Гэхдээ АНУ-ын дотоод улс төрд өндөр нөлөө бүхий Сенатын танхим бүгд найрамдахчуудынх хэвээр үлдсэн гэдгийг энд анхаарах нь зүйтэй. Сонгуулиас өмнө гаргасан судалгаа, таамаглалаар Бүгд Найрамдах нам Сенатын танхимыг, Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимыг авах нь тодорхой болсон байсан. Тийм ч учраас Бүгд найрамдах нам, Ерөнхийлөгч Трамп сонгуулийн үр дүнд бэлтгэлээ эртнээс базаасан болов уу. Юу болохыг бид харах л үлдлээ.
Эх сурвалж: Aljazeera.com, Reuters.com
Т.Жаргалсайхан