Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд БНХАУ-ын харьяат иргэн М /25 настай эрэгтэй/, иргэн Г /28 настай эмэгтэй/ нар аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 25-ны өдрийн 01:02 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан.
Ийнхүү Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч, Хилийн 0275 дугаар ангийн 10 алба хаагч, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 4 ажилтан, ар гэрийн Хятад улсын 7 иргэн, нийт 48 хүн, 7 автомашин, 13 морьтойгоор, 4 бүлэгт хуваагдан арваннэгдүгээр сарын 06-ны өдөр нэгдүгээр бүлэг хээрийн штабын байрлалаас зүүн зүгт “Устын-Орой” уул гэдэг газар хүртэл 20 км явганаар, 27 км автомашинаар, 2 дугаар бүлэг хээрийн штабын байрлалаас зүүн зүгт “Жинст-Уул” гэдэг газар хүртэл, Хатгал тосгоноос баруун хойд зүгт “Маа толгой” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар, 27 км-т машинтайгаар, гуравдугаар бүлэг штабын байрнаас зүүн зүгт “Жинст-Уул” орой хэсгээр 47 км-т мориор, дөрөвдүгээр бүлэг хээрийн штабын байрлалаас зүүн урд зүг хүртэл 20 км мориор тус тус эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоосон.
Гэвч арваннэгдүгээр сарын 07-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. Эрэн хайх ажиллагаатай танилцах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын 2, Үндэсний аврах бригадын 4 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 07-ны өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-8 нисдэг тэргээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлд нислэг үйлдсэн байна.