Монголын түүхэнд эмгэнэлт улаан толбо болон үлдсэн их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд бид зөвхөн алтан ургийнхан, тайж язгууртан, олон мянган лам нараа алдаад зогсоогүй бурхны мөрөөр эгнэгт замнасан сахил санваартай олон зуун охид бүсгүйчүүдээ хүчирхийлэл, зовлонгийн харанхуйд үүрд живүүлэн үйсэн гашуун үнэнийг "Улаан судар" гэрчилнэ.
Энэхүү бүтээлд Орос руу ачигдсан хандмаа нар, язгууртан бүсгүйчүүдийн эмгэнэлт тавиланг дүрслэн харуулсан бол “Шамбалын Цэнхэр Салхи” туужид Оюумаа бүсгүй, жолооч Гийжээ болон тэдний дагуулж явсан жуулчдад тохиолдсон сонин явдлын тухай өгүүлдэг. Уг үйл явдлаар дамжуулан үйлийн үр, учрал тохиол, хүний амьдралын далд ухамсрын гүн рүү нэвтрэх гэсэн нь зохиолчийн эрэл хайгуул юм.
Санаатай, зориуд биш ч амьдралын зайлшгүй тохиолдлоор ч юмуу, залуу насны гэнэн томоогүйн харгайгаар, нэг удаагийн болчимгүй үйлдлээс болж "нүгэл" үйлдэх, тэр үйлдсэн нүглээ далд ухамсартаа тээж, гэмшин харуусах явдал хүний дотоод сэтгэлийг хэрхэн шаналгаж байдгийг уран сайхнаар үзүүлжээ.