Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчдийн баг энэ сарын 1-нд Япон улсын Мияги аймгийн ард иргэдэд үндэсний урлагийн тоглолтоо өргөн бариад ирсэн байна.
Япон улсад 2011 онд болсон газар хөдлөлт, цунамийн гамшигт нэрвэгдсэн Мияги аймаг, Мацушима, Сэндай, Осаки хотуудаар явж танилцан ард иргэдтэй уулзаж Осаки хотод хоёр удаа тоглолт хийж тоглолтын орлогоосоо болон тахир дутуу хүний тэргэнцэр хандивлажээ.
Олон жилийн харилцаатай Монгол Япон хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцаанд бага боловч дэм болох уг үйлсийг нутгийн захиргаа, удирдлагууд талархан манай уран бүтээлчдийг тусгайлан хүлээн авч уулзан дараа дараагийн жилүүдэд Мияги аймаг, Осаки, Сэндай зэрэг хотуудад ҮУИТ-ын уран бүтээлчдийг урьж монгол үндэсний соёл, урлагийн тоглолтыг ард иргэддээ үзүүлж Монгол орны талаар илүү дэлгэрэнгүй сайн танилцуулахад хичээн ажиллахаа мэдэгдсэн байна. Мөн хүүхдийн цогцолбор цэцэрлэгт дөрвөн удаагийн танилцуулга тоглолт хийж бяцхан багачууддаа бэлэг барьжээ.
Сонирхуулахад тус театр уран бүтээлийнхээ өвөл цагийн нээлтийг энэ сарын 28,29,30-нд "Наран тамгатай талын Монгол" концертоор нээх гэнэ. Мөн 12 сарын 1,2 нд "Монголын Их Хатад" бүжгэн туульсын таван жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, 12 сарын 18,19 нд "Уул усны шивнээ" шинэ уран бүтээлээ толилуулах юм.