www.livetv.mn сайт "Спортын Домгууд" шинэ буланг үзэгч, уншигч та бүхэндээ зориулан тогтмол явуулж байгаа билээ.
Энэхүү буланд цувралаар төрөл бүрийн спортын домог болсон тамирчдын спортын замналдаа үзүүлж байсан хамгийн шилдэг бүхнийг түүвэрлэн видео хэлбэрээр та бүхэнд хүргэхийн сацуу уг тамирчны талаарх мэдээ, мэдээллийг хүргэж байгаа юм.
Өмнөх дугаартаа бид "Дэлхийн хамгийн хурдан хүн" тодотголтой Ямайк улсын тамирчин Усайн Болтын тухай нийтлэсэн (энд дарж үзэх) бол өнөөдөр "Дэлхийн хамгийн хурдан" нэгэн хүний тухай нийтлэхээр бэлтгэлээ. Гэхдээ тэрээр гүйдэггүй автомашинаар уралддаг нэгэн юм. Та бүхэн хэний тухай бичих гэж буйг бараг гадарласан биз ээ. Мэдээж энэ хүн бол домогт нисгэгч Михаэль Шумахер юм.
М.Шумахер 1991 оноос 2006 он хүртэл мөн 2010 оноос 2012 онуудын хооронд нийт 307 удаа Формула-1-ийн гран при тэмцээндүүдэд оролцжээ. Дэлхийн долоон удаагийн аварга, 91 түрүү, 68 поле байрлал буюу нэгдүгээр байрны гараа болон 77 удаагийн хамгийн хурдан тойргоороо формула 1-ийн түүхэнд хамгийн өндөр амжилт гаргасан нисгэгч юм. Мөн түүнчлэн 155 удаа шагналт байранд орсон амжилтаараа хамгийн олон удаа шагналт байрт шалгарсан шилдэг гуравт тооцогдож явдаг.
1990 болон 1991 онд спорт загварын автомашины дэлхийн аваргын тэмцээнд идэвхтэй оролцож байгаад 1991 онд анх удаа формула 1-ийн Бельгийн Гран Прид Жордан багийг төлөөлөн оролцсон байна. Дараагийн уралдаанд багаа сольж Бенеттон руу орсон бөгөөд тэндээ 1995 он хүртэл үлджээ. Бенеттонд байх хугацаандаа анхны гран пригийн ялалтаа 1992 онд Бельгиэс авсан ба дараа нь 1994 болон 1995 оны формула 1-ийн дэлхийн аваргаар шалгарчээ. 1996 онд тэрээр Феррари багт шилжин орсон ба эндээ 2006 он хүртэл идэвхтэй формула 1-ийн уралдаанд оролцов. М.Шумахер нь 2000 оноос 2004 он хүртэл таван удаа дараалан дэлхийн аварга болсон. Дараа нь хэдэн жил завсарлага авсаны эцэст 2010 онд буцан формула 1-д ирсэн ба энэ удаа Мерседесийн багт гурван жил болов.
2013 оны 12 сарын 29-нд М.Шумахер цанаар гулгаж явахдаа осолдон хүнд гэмтэл авсан бөгөөд 2014 оны 6 сарын 16 хүртэл 6 сарын турш ухаан оролгүй, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлсэн. 2014 оны 9 сарын 4-нд эмнэлгээс гарсан тэрээр өдгөө өөрийн төрөлх нутаг болох Швейцарт эмчилгээ хийлгэж байгаа юм.
Хэдхэн хоногийн өмнө Formula-1-д Их Британи улс, Mercedes багийн нисгэгч Льюис Хамилтон тав дахь удаагаа түрүүлж бүх цаг үеийн шилдгүүдийн жагсаалтад алдарт Хуан Манүэл Фанхиотой зэрэгцэн орж ирсэн тухай бид мэдээлсэн билээ. (энд дарж үзэх) Харин энэхүү бүх цаг үеийн шилдгүүдийн жагсаалтын тэргүүн эгнээнд одоог хүртэл М.Шумахер байсаар байна. Түүний дэлхийн долоон удаагийн аварга гэсэн үзүүлэлт өнөө цагт эвдэгдээгүй байна.