Монгол улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж холбогдох ажлын хэсэг болон Шинжлэх Ухааны академийн саналд үндэслэн эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог жил бүрийн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон.
Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээрээ амрах зарлигийг Ерөнхийлөгч асан 2012 оны нэгдүгээр сарын есний өдөр буюу их хааны мэндэлсний 850 жилийн ойг угтан гаргаж байжээ.
Уг өдрийг тохиолдуулан улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэн, хойч үедээ өвлүүлэх түүхэн өдөр гэжээ.
Тиймээс улс эх орныхоо үнэт өв, түүх соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр нийгэм үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг Монгол улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
“Чингис хаан” одонгоор 2005 оноос хойш 11 хүнийг шагнасан байдаг ба анхны одонг Монгол улсын Ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбат гардан авч байжээ. Өнгөрсөн жил төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одонгоор Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр энгэрээ мялааж байсан юм.
Харин энэ онд “Чингис хаан” одон олгохгүй өнжихөөр шийдсэн. Өмнө нь 2007, 2008 онуудад шагналыг олголгүй өнжсөн байдаг байна.