“Токио 2020” Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөж байгаа Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг өчигдөр Сингапурын багтай тоглож 2:2 харьцаатай тэнцлээ.
Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхан тоглолтын нэгдүгээр үеийн санаачлагыг гартаа бүрэн авч, эхний 45 минутад хоёр ч гоол оруулж амжив. Манай шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч Б.Намуун ердөө дөрөв дэх минутад тооны харьцааг нээж, 37 дахь минутад Т.Ундрал багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм.
Уг хоёр гоолыг оруулахаас гадна 11 метрийн торгуулийн цохилт алдаж, бүхий л талаараа илүүрхэж эхний хагасыг өндөрлүүлсэн ч шийдвэрлэх үе хүссэн шиг байсангүй. Тодруулбал хоёрдугаар үед Сингапурын багийнхан хоёр гоолыг нөхөж оруулан үндсэн цаг 2:2-оор өндөрлөлөө.
Хэдийгээр хоёр гоолын зөрүүгээр хожиж яваад харамсалтайгаар тэнцсэн ч энэ тэнцээ Монголын шигшээ багийн Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээнээс авсан анхны оноо.
Дашрамд дуулгахад эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны бэлтгэл сургуулилалтаа Филиппинд базаасаар. Хаалгачийн дасгалжуулагч Плопиэну Драгос хаалгач Э.Мөнх-Эрдэнэ А.Сайханаа нарыг устай талбайд дасгал хийлгэж байна. Тайвань улсад болох Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатын тэмцээний үеэр бороотой байх магадлалтай учраас хаалгач нарт зориулсан ийм бэлтгэлийг хийлгэж буй юм.