Монгол Улсын Ардын Жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулууны нэрэмжит “Алтангадас одонт” Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 81 дэх жилийн өвөл цагийн уран бүтээлийн нээлтээ хийлээ. Энэ жилийн нээлт нь Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог.
Театрын нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Төрийн соёрхолт, АЖ Ж.Чулууны хүү УГЗ Ч.Чинбат Монголын Улсын Консерваторийн багш, уран бүтээлчид, оюутнуудтайгаа болон театрын ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцсон байна.
УГЗ Ч.Чинбат “Нар ээсэн энэ сайхан өдөр аавын маань нэрэмжит театрын нээлт боллоо. Энэ театрт Монголын олон ястан, үндэстний соёл, тэдний дуу хөгжим шингэсэн, хадгалагдаж буйгаараа хайрлах ёстой, хүндлэх ёстой театр” хэмээн нээлтийн үеэр өгүүлжээ. Тус театрын уран бүтээлчид өвөл цагийн уран бүтээлийнхээ хүрээнд Төрийн соёрхолт, АЖ Ж.Чулууны 90 жилийн ойн хүндэтгэлийн концерт, “Чиполино” хүүхдийн жүжиг, “Мөнхийн гавьяа”, “Хоёр эзний нэг зарц” жүжиг зэрэг уран бүтээл үзэгчдэд хүргэхээр төлөвлөжээ.
Театрын нээлтийн үеэр соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж яваа ХДТ-ын уран бүтээлч П.Насан-Очир, Х.Амаржаргал нар “МУСТА” цол тэмдэг, Д.Төгөлдөр, Д.Алтансүх, М.Болормаа нар БСШУСЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдав.