Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан лагийг дахин боловсруулан метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж болох Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3/хоног хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтанд орлоо.
Улаанбаатар хотын Баруун Өмнөд хэсэг буюу Яармаг, Нисэхийн орон сууцны хуучин, шинэ хорооллын 160 мянган айл өрх, аж ахуйн нэгж объектуудын бохир усыг цэвэрлэн татан зайлуулах хүчин чадалтай барилга байгууламж юм.
Бүрэн автомат ажиллагаатай ба бохир усыг химийн арга, хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэн 98 хувь цэвэрлэнэ
Хуучин ашиглаж байсан Нисэхийн цэвэрлэх байгууламжид хоногт 2500-2800м3 бохир усыг хүлээн авч байгаа нь байгууламжийн хүчин чадлаас хэтэрсэн, бохир усыг цэвэрлэж чадахгүй байдалд хүрсэн.
Ашиглагч байгууллага болох Ус сувгийн удирдах газартай хамтран хуучин цэвэрлэх байгууламжид хүлээн авдаг бохирыг шинэ цэвэрлэх байгууламжид шилжүүлэн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.
Өдөрт 20000м3 ус цэвэрлэх хүчин чадалтай энэхүү байгууламж нь шат дамжлагийн хувьд 11 төрлийн нийт 14 барилгаас бүрдэх бөгөөд энэ нь 7 давхар шүүлтүүртэй. Шүүгдэж гарсан усыг техникийн хэрэгцээнд ашиглах, мөн лагийг дулааны аргаар боловсруулж био хий гаргаж авах ба түүнийгээ цэвэрлэх байгууламжийн дотоодын дулааны хэрэгцээг хангах, боловсруулж усгүйжүүлсэн лагийг хөрс бордох, газар тариаланд хэрэглэх боломжтой. Лагийг бүрэн боловсруулсан тул түүнийг ашиглахад эрүүл ахуйн хувьд аюулгүй байх юм.
Бүрэн автомат ажиллагаатай ба бохир усыг химийн арга, хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэн 98 хувь цэвэрлэнэ. Дэлхийд инженерийн байгууламжаараа өндөрт тооцогддог технологиор баригдсан.
Уг цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул голын усны чанарыг хамгаалах, бохир усыг зохих түвшинд хүртэл цэвэрлэснээр усны бохирдол багасч оршин суугчдын эрүүл мэндийн байдал сайжрах гээд олон талын ач холбогдолтой юм.
Мөн нийслэлийн баруун өмнөд хэсэгт хот төлөвлөлт, барилгажилт, бүтээн байгуулалтын ажил өргөжин шинэ суурьшлын бүс нэмэгдэх, хот тэлэх бололцоо нэгээр нэмэгдэж байна.