Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг шатар сонирхогчдын УАШТ орон даяар энэ сарын 10-наас эхлэх гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар мэдээлэл хийлээ.
Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 10-11-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулах гэнэ.
Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 сарын 08-09, Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2019 оны нэгдүгээр сарын 05-06-нд Төрийн ордонд зохион байгуулна. Энэ жилийн тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчинд дэд мастер цол олгох аж. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ангилалын аваргууд оролцох эрх авах юм.
Оюуны спортыг улс даяар жигд хөгжүүлж, хичээллэдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлье гэсэн зорилгоор уг тэмцээнийг 2013 оноос УИХ-ын дарга ивээлдээ авч зохион байгуулж ирсэн. Тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид ч оролцох боломжтой.
Сумын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй 3, эмэгтэй нэг шатарчинг шалгаруулан Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд, дүүргийн тэмцээнээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчинг тус тус шалгаруулан Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах эрх олгох юм. Аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй нэг шатарчинг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй 18, эмэгтэй 9 шатарчинг тус тус шалгаруулан 2019 оны шатар сонирхогчдын УАШТ-нд оролцуулах эрх олгоно.