Одоогоос 46 жилийн өмнө буюу 1972 онд найруулагч Сидней Поллак найруулж байсан баримтат кино анх удаа үзэгчдэд хүрэх гэж байна.
Энэ сарын 12-ны өдөр Нью-Йорк, Лос Анжелес хотуудад хотод Арета Франклины баримтат кино анх удаа гарах юм. Уг баримтат киноны зургийг хэдэн арван жилийн өмнө авсан ч өдийг хүртэл эвлүүлж чадалгүй хадгалагдан иржээ.
“Soul” дууны хатан хаан Франклин өнгөрсөн наймдугаар сард 76 насандаа хорт хавдрын улмаас таалал төгссөн билээ.
“Гайхамшигтай Грэйс” нэртэй баримтат киноны зураг 2011 онд дууссан ч техникийн асуудлаас болж зураг авалт хойшилсноос гадна Франклин болон хуульчид киноны нээлтийг зөвшөөрөлгүй уджээ.
Домогт дуучныг таалал төгссөний дараа гэр бүлийнх нь гишүүд киног олон нийтэд дэлгэхийг хүлээн зөвшөөрснөөр нээлтийн өдрийг товлосон байна.
Баримтат киног дуучны “Гайхамшигтай Грэйс” цомгийн нэрээр нэрлэжээ.
Найруулагч Поллак Оскарын шагналтан хэдий ч 1972 онд баримтат киноны зургийг авахдаа маш том алдаа гаргаж, дуу тохируулах техникийг ашиглалгүй орхигдуулсан байна. Тиймээс 20 цагийн бичлэгийг эвлүүлэхэд маш их хүндрэл гарчээ.
87 минут үргэлжлэх кино 2019 оны Академийн шагнал гардуулах ёслолд өрсөлдөхүйц бүтээл болсон гэж үзэж байна.
Ирэх оны нэгдүгээр сард иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн мэндэлсэн өдөр баримтат киног бусад хот, улсуудад цацахаар төлөвлөжээ.
“Гайхамшигтай Грэйс бол Арета Франклины зүрх бас сүнс. Шүтэн бишрэгчид нь энэ киног заавал үзэх ёстой” гэж дуучны ач охин Сабрина Овенс ярьжээ.
Франклин Грэммийн 18 удаагийн шагналт, АНУ-ын шилдэг хит дууны жагсаалтыг 17 удаа тэргүүлсэн гайхамшигтай дуучин юм.
Эх сурвалж: www.bbc.com