Увс аймгийн Завхан сум нь 1973, 1989 онуудад “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэн өнгөрүүлж байсан түүхтэй. 1989 оноос хойш 30 жилийн дараа буюу ирэх онд гурав дахь удаагаа тэмээн сүргээ түмд хүргэсэн бахдам амжилтаар “Түмэн тэмээ”-ний баяраа тэмдэглэх гэнэ. Энэ түүхэн үйл явдлыг угтаж “Сум сурталчлах өдөр”-ийг энэ сарын 7-ны өдөр Улаангом хотноо зохион байгуулах ба уг арга хэмжээнд оролцохоор 30 гаруй жинчид, 130-аад тэмээ бүхий жингийн цуваа Улаангомыг зорин иржээ.
Увс аймгийн Завхан сум нь 1925 онд үүсгэн байгуулагдсан 93-н жилийн түүхтэй, говь, хээрийн бүсэд оршдог. Завхан, Хүнгүй голууд, Зогсоо, Гилбэн уулс, Айраг, Хяргас нуурын үзэсгэлэн цогцолсон Дөрвөд, Сартуул ястны өлгий нутаг юм. Завхан сум нь 150 мянган толгой малтай, 2000 гаруй хүн амтай, Увс аймагтаа төдийгүй баруун бүс нутагтаа тэмээн сүргээрээ тэргүүлдэг.