УИХ-ын үдээс өмнөх чуулганаар Хүнс, хөдөө аж ахуй ахуйн сайд Б.Батзоригийг огцруулахаар хэлэлцэх үеэр Я.Санжмятав, Ш.Раднаасэд нар түүний тухай магтсан үгийг харамгүй илэрхийлсэн нь зарим хүний хувьд оньсого таавар хэвээр байна.
УИХ-ын дэд дарга Я.Санжмятав түүнийг сайн ажилласан гэж магтсан учир нь Б.Батзориг тэр хоёр Монголын сумо бөхийн холбоонд цуг алба хашиж явсан, Кёкүшюзан хөгжил сантай гүн холбоотой хүмүүс юм. Б.Батзоригийг Кёкүшюзан хөгжил сангийн Гүйцэтгэх захирал байхад Я.Санжмятав Монголын сумо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байсан. Я.Санжмятав гишүүний яриандаа дурдсан 1000 айлын орон сууц хөтөлбөрийг хамт хийж явсан хүмүүс учир чуулган дээр Б.Батзоригийг “сайн ажиллсан сайд” гэж дүгнэхээ “мартсангүй”.
Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Б.Батзоригийг огцруулснаар асуудал дуусахгүй. Ноолуур өссөн нь энэ хүний хүчин зүтгэлтэй холбоотой. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс гадна АСЕМ-ын тухай Аудитын дүгнэлт, Жижиг дунд бизнесийн 888 төслийн зарцуулалтыг ярих шаардлагатай” гэхчлэн ярилаа. Энэ нь МАН-ын ЖДҮ-ийн зээлийн шуугианыг намжаах тактикийг илчилсэн хэрэг юм.
Учир нь, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс МАН-ын гишүүд ичих булчирхайгүй авцгаасан асуудлыг намжаахын тулд өмнөх эрх баригчид буюу АН-ын үеийн АСЕМ-тай холбоотой 267.2 тэрбумын зөрчил, Н.Алтанхуягийн Засгийн газрын үеийн Жижиг дунд үйлдвэрлэлийн 888 төсөл мэтийг сөргүүлэн ухаж цацах, МАН, АН аль аль нь идсэн уусан нь илчлэгдэх үед ард түмэн паанигт орж, хэнтэй хариуцлага тооцохоо мэдэхээ болино гэж үзэцгээж байгаа юм. Ийм учир Хууль зүйн байнгын хорооны дарга тийн “магтжээ”.