Мацүмото Каори бол Японы шилдэг эмэгтэй тамирчдын нэг. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпийн эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 57 кг-ын жинд зодоглон алтан медаль хүртэж, 2010, 2011 оны ДАШТ-нд мөн л түрүүлсэн. Дэлхийн жүдо бөхийн спортын ертөнцөд “Чоно” хэмээх нэрээр алдаршсан тэрбээр энэ зуны Рио де Жанейрогийн олимпийн наадмын хагас шигшээд монголын тамирчин Д.Сумъяатай таарч ялагдсан гашуун сургамж бий. Гэсэн ч олимпийн хүрэл медалиар энгэрээ мялаасан.
Жүдогийн алдарт тамирчин их спортоо орхиж буйгаа мэдэгдсэн юм
Тэрбээр энэ тухайгаа “Рио де Жанейрогийн олимпийн үеэр хагас шигшээд өвдөг шороодох хүртэл ямар ч саад надад байхгүй мэт санагдаж байлаа. Хамгийн эхний барилдааныг Зулехиа Абзеттатай хийсэн. Тэр үед тайван барилдаж байгаад ялсан. Дараа нь Францын Отон Павьятай таарсан. Бид олон жил таарсан тул “Энэ удаа ч гэсэн ялна” гэж бодож байв.
Эхэндээ онооны давамгай байдлаар ялахаар төлөвлөсөн ч, тактикаа өөрчилсний эцэст ялсан юм. Хэсгийн аваргын барилдаанаас гарсны дараа хагас шигшээд тун хайхрамжгүй барилдсан гэж боддог. Монголын жүдоч Д.Сумъяатай хийсэн барилдаанд ялагдах үед ч “Сул өрсөлдөгч таарлаа” гээд бодчихсон байсан.
Олимпод оролцохдоо тэмцээн дуусах хүртэл өрсөлдөгчөө голж, өөртөө бардаж болдоггүй. Нэг л удаа “Сул өрсөлдөгч” гээд бодчихвол мэх хийх, хариу үйлдэл үзүүлэх чадваргүй болчихдог юм. Хэт бардсан маань миний ялагдлын шалтгаан болсон. Риогийн олимпийн хүрэл медалийн төлөө Тайванийн бөх Лин Чен Линтэй барилдаж ялсан. Үнэнийг хэлэхэд тэмцээн дуусах мөчид “За дууслаа” л гэж бодсоноос биш хүрэл медаль авсандаа баярлаагүй. Яагаад хагас шигшээд тийм хайнга байдал гаргачихав” гэдэгтээ л харамсч байлаа. Энэ гэмшил одоо ч өөрчлөгдөөгүй” гэж өгүүлсэн байдаг.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн жил ээж болж их спортод эргэн ирсэн ч ирэх жилийн ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээний нэг болох Кодокан цомын тэмцээнд оролцон эхний шатанд ялагдсан юм. Үүний дараахан жүдогийн алдарт тамирчин их спортоо орхиж буйгаа мэдэгдсэн юм. Ялагдсандаа сэтгэлээр унаагүй. Одоо ирээдүйгээ бодох цаг минь болсон. Хэрвээ би түрүүлэхийн төлөө тэмцэж чадахгүй бол амьдралынхаа үлдсэн хугацаанд юу хийх талаар бодох хэрэгтэй” хэмээн ярьжээ.