Жил бүрийн 11 сарын 02-ныг Монголын Уран Сийлбэрчдийн баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөр Монголын уран гартай сийлбэрчид өөрсдийн хийж бүтээсэн, сурч мэдсэн, ололт амжилтаа тайлагнан нэгдсэн үзэсгэлэн гаргадаг уламжлалтай.
“ЦОЙ” үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн уран сийлбэрч Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цогбаярын шавь нар буюу Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн (ДУДС) үе үеийн төгсөгчид зохион байгуулдаг. Монгол уран сийлбэрчид мод, чулуу, металл, цас, мөс, яс зэрэг олон төрлийн материалаар уран бүтээл туурвиж, Монголд төдийгүй Олон Улсын уралдаан тэмцээн, үзэсгэлэнд амжилттай оролцсоор буй.
Тэд энэ жил таван жилийнхээ ойг тохиолдуулан Монгол сийлбэрийн урлагийн хөгжлийг харуулахыг зорин "Blue Mon" төвийн "Norphei Art gallery"-д өнгөрсөн баасан гарагт толилуулав. Энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд мэргэжлийн 30 гаруй уран бүтээлчдийн 40-45 уран бүтээл дэлгэгджээ. "ЦОЙ 2017", "ЦОЙ 2018" Монгол уран сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэнг ДУДС-ийн 2008, 2009 оны төгсөгчид жил дараалан хамтран зохион байгуулсан юм. Сийлбэрчдийн дунд гайхалтай бүтээл туурвидаг хүн олон. Тэр тусмаа залуу сийлбэрчид нүүдэлчдийн ахуй амьдрал, үндэснийхээ өв соёл, ёс заншлыг орчин цагийн бүтээлд тусган харуулсан байлаа.
Сийлбэрч Б.Гонгорын “Хүлээлт”, Н.Очирбатын “Буурал түүх”, “Номин хээр”, Т.Сүхбаатарын “Тарни”, “Удам”, Д.Мөнхтуулын “Сэр”, Ч.Тогтохбаярын “Говийн ганц айл”, “Ятгын эгшиг”, М.Мөнхзулын “Гүн”, Д.Мягмарсүрэнгийн “Дуудлага”, Т.Түвшинбаярын “Баян ходоод”, Ц.Батмөнхийн “Нүүдэл“, Д.Баатарсүрэнгийн “Жаргалтай хатан” бүтээл хуран цугласан олны сонирхлыг ихэд татаж, мэлмийг баясгав. Г.Цогбаяр багшийн шавь нарын бүтээл цаанаа нэг өөр. Амьтай гэмээр өвөрмөц донж, шийдэлтэй байдаг.Шавь нарынх нь бүтээлээс түүний ямар багш, ямархуу сийлбэрч вэ гэдэг нь андашгүй харагддаг.
Багшийн эрдэм шавиас харагддаг болохоор тэрбээр шавь нартаа хүний сонирхол татахуйц, өвөрмөц загвар шийдэлтэй, даацтай, шинэлэг бүтээл урлуулж сургажээ. Товчхон хэлбэл түүний заасан эрдэм, сургасан бүхэн шавь нарынх нь бүтээлээс харагддаг гэсэн үг. Тэрбээр олон зүйл ярьдаггүй шиг шавь нь ч бас дуу цөөнтэй юм. Тиймдээ ч багш нь шавь нарынхаа бүтээлд тусалж, өөрөөрөө үлгэрлэдэг байна. Дуучин, сийлбэрч Т.Баттогтох үзэсгэлэнг нээж, хөтлөх үеэрээ “Манай сийлбэрчид олон зүйл ярьдаггүй улс. Харин бүтээл нь өмнөөс нь ярьж, их зүйл хүүрнэн өгүүлдэг юм шүү дээ” хэмээн өгүүлсэн.
Энэ жилийн Монголын уран сийлбэрчдийн баярын өдөр шавь нараас нь Б.Доржнамжил, Х.Алтанхүү нар Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр энгэрээ мялааж Г.Цогбаяр багшийгаа баярлуулав. Өнгөрсөн жил шавь Б.Гонгор нь "ЦОЙ 2017" үзэсгэлэнд амжилттай оролцож мөн л Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнуулж байжээ. “ЦОЙ 2018” үзэсгэлэнгийн "Ирээдүйтэй сийлбэрч", “Шилдгийн шилдэг бүтээл”-ийн эзнийг тодруулан зарлах мөч ойртоход уран гартнууд сэтгэл нь догдлон, амьсгаа даран чимээгүй болцгоов. Хөтлөгч уран сийлбэрч М.Мөнхзулын 85х48х25 см, мод "Хөдөлгөөн" бүтээл шилдгийн шилдгээр, Т.Түвшинбаярын "Баян ходоод" 80х95 см, мод "Ирээдүйтэй сийлбэрч"-ээр шалгарсныг дуулгахад багш нь шавьдаа баяр хүргэж, урам хайрлан үнсэв.
Жил дараалан шавь нарынх нь бүтээл шилдэг бүтээлээр шалгарсан нь баяр дээр бас нэгэн баяр нэмэв. М.Мөнхзул Г.Цогбаяр багшийн отгон шавь нарын нэг. Тэрбээр багшийнхаа удирлага дор Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг дүүргээд ирэхэд нь Монголын чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн, “Үүдэн чулуу” ХХК-ийн ерөнхий захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн, сийлбэрч Ц.Энхтайван угтан авч өөрийн байгууллагад ажилтнаар авчээ. Ийнхүү хоёр гавьяатын гар дамжсан шавь нь өдгөө тэдний итгэлийг алдсангүй.
Сонирхуулахад Соёлын гавьяат зүтгэлтэн, сийлбэрч Ц.Энхтайван энэ сарын 20-нд нээлтээ хийх Монголын төрийг хагас зууны турш жолоодон XX зууны бvтээн байгуулалтанд бүхий л амьдралаа зориулсан Ю.Цэдэнбал агсны дөрвөн метр хөшөөг урлан, Орхон аймгийн (Эрдэнэт хот) ЗДТГ-ын удирдлагуудад хүлээлгэж өгөх тухайгаа цухас сонирхуулж амжив. Орхон аймгийг Ю.Цэдэнбал агсны нэрэмжит болгохоор төлөвлөж байгаа тул түүгээр ийн хөшөөг нь урлуулсан гэнэ.
Энэ сургуулиас анхны гараагаа эхэлсэн үе үеийн шилдэг уран бүтээлч, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, зураач Ц.Ойдов, уран дархан, Н.Ихтөр, гавьяат сийлбэрч Г.Цогбаяр, ОХУ-ын Репиний нэрэмжит уран зургийн академийн багш Б.Отгонтүвдэн нар улс орныхоо соёл урлагт үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Ийнхүү гурван үеийн алдартай багш нарын шавь нарынх нь үзэсгэлэнд үндэсний уламжлалт хэв маягаас орчин үеийн чиг хандлагатай уран бүтээлүүд тавигдсанаараа онцлог байв. Тэдний сийлбэрийн бүтээлүүд залуу уран бүтээлчдэд болон сийлбэрийн урчуудад урам зориг өгсөн, сэтгэл сэргээсэн, дахин суралцах бодол төрүүлсэн гайхалтай үзэсгэлэн байлаа.