Холливудын кино найруулагч Харви Вайнштэйны эсрэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн олон бүсгүй гомдол гаргасны дараа тэрээр “Эр эмийн харилцааны донтолт”-ын эмнэлэгт ханджээ.
Харви уг эмнэлэгт хандсанаас хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Тэгвэл энэ удаад ВВС агентлагийн сурвалжлагч Сангита Миска эр эмийн буюу дотно харилцаанд донтох үзэгдэл үнэхээр байдаг эсэхийг судалж үзжээ.
Түүний ярилцсан эхний бүсгүй бол Нэйла. Тэр 15 жилийн өмнө Их Британид Төв Америкаас ирсэн. Амжилттай яваа бизнесийн компанид ажилладаг, 40 настай. Нэйлагийн багт хоёрхон эмэгтэй байдаг.
Хамт ажилладаг эрчүүд нь хоёр бүсгүй рүү нүцгэн зураг, эротик бичлэг илгээж байнга өддөг аж. Гэвч Нэйлад энэ байдал нь огт таалагддаггүй. Учир нь удаан хугацаанд хөдөлмөрлөж олсон амжилт, ажлын байраа алдахыг хүссэнгүй.
Гэвч гэртээ харингуутаа ганцаараа эротик зураг, бичлэг үзэж эхэлдэг гэжээ. Нэйла аажмаар эхэлсэн ч нэг л мэдэхэд хурдан гэртээ хариад дэлгэцний өмнө сууж эротик кино, бичлэг үзэж, насанд хүрэгчдийн тоглоом тоглох хүсэлтэй болсон. Өдөрт багаар бодоход 5-10 минут, долоо хоногт 2-3 цагийг үүнд зарцуулдаг болов.
“Яг л хорт зуршил шиг. Эхлээд энгийн насанд хүрэгчдийн кино үздэг байсан бол түүндээ сэтгэл ханахаа больж, жороо нэмэх хэрэгтэй болсон. Энгийнээс цаашлаад гаж бичлэгүүдийг сонирхож эхэлсэн” хэмээн Нэйла өгүүлжээ.
Амьдрал дээр эрэгтэй хамтрагчтай болохыг хүссэн ч Нэйлагийн шаардлагад нийцэх залуу олдохоо больсон байв. Гэнэт “би дараа нь яах билээ” гэж өөрөөсөө асууж, ажлын байраа ч орхин, хотоос нүүжээ. Нэйла зөвлөхөөр суралцаж, өөртэйгээ адилхан дотно харилцаанд донтсон гэж үздэг хүмүүст тусалж, зөвлөгөө өгч эхэлсэн байна.
Бүсгүйчүүдийн хувьд энэ асуудал ичмээр зүйл боловч эрчүүдийн хувьд ямар байдгийг сурвалжлагч сонирхжээ. ВВС агентлагийн сурвалжлагч Сангита Мискагийн дараагийн ярилцагч бол Пол.
Пол 50 настай, сайхан хувцасласан дэгжин эр. Полын ярьж байгаагаар 30 орчим жилийн өмнө дотно харилцаанд донтож эхэлжээ.
Их сургуульд байхдаа найз охинтой, түүндээ хайртай байж. Гэтэл түүнд ганц найз охин нь хангалтгүй санагддаг болж. Өөрийн мэдэлгүй биеэ үнэлэгчдэд хандаж, яг л пицца шиг долоо хоногт 2, 3-аар нь захиалж эхэлжээ.
Болохгүй гэдгийг нь мэддэг ч биеэ татаж чадахаа больсон байв. “Учир нь нэг л өөр мэдрэмж авдаг байсан” гэв. Шөнийн цэнгээний газарт хамт унтах бүсгүй эрж ажлынхантайгаа мягмар гарагт очно. Магадгүй зарим нь пүрэв гарагт дахиад ирнэ. Гэвч бямба гарагт шөнийг хамт өнгөрөөх бүсгүй хайж 1,000 фунт стерлинг үрэхээр цэнгээний газарт орж ирдэг залуу ганцхан Пол байжээ.
Полын ярианаас тэр 12 настайгаасаа хойш насанд хүрэгчдийн сэтгүүл уншдаг байсныг олж мэджээ. Одоо Пол эмчлүүлж байгаа, хэдэн жил биеэ үнэлэгч аваагүй, олон сар насанд хүрэгчдийн кино үзээгүй байна.
Түүний зорилго нэг эмэгтэйтэй тууштай харилцаа тогтоох болжээ.
Сурвалжлагч Нэйла, Пол нарын ярианаас тэдний аль аль нь ямар нэг зүйлийг хийх ёстой юм шиг тэвчихийн аргагүй байдалд орж, улайрдаг болсон нийтлэг зуршил ажигласан байна.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Өөрийн мэдэлгүй бэлгийн дур сонирхлоо илэрхийлэх нь өвчин гэж үзжээ.
-Харин Их Британийн Засгийн газар энэ төрлийн донтолтыг өвчин гэж үздэггүй байна.
Эх сурвалж: www.bbc.com