Цахим орчинд нэгдсэн иргэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн өнөө өглөө 07:00-11:00 цагийн хооронд Төрийн ордныг тойрон автомашинтай жагсаал зохион байгуулсан билээ. Уг жагсаалд 150 гаруй жолооч нар нэгдэн аваарын гэрлээ асаан, дуут дохиогоо дуугаргасан юм.
Манай www.livetv.mn-ны сурвалжлах баг энэхүү жагсаалыг та бүхэнд хүргэсэн бөгөөд “Халуун сэдэв” нэвтрүүлэгт уг жагсаалд оролцсон жолооч нарыг урин оролцуулсан. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зохион байгуулагчдын нэг рүү өөрийн биеэр утсаар ярин маргааш 12.00 цагт жагсаалд оролцож байгаа жолооч нарыг хүлээн авч уулзахаар болсноо мэдэгдсэн байна.
Жолооч нарын хувьд шатахууны үнийг бууруулах боломжтой эсэх, яагаад нэмэгдээд байгаа, дахин нэмэгдэх зэрэг асуудлаар албан ёсны тайлбар авахыг хүссэн юм. Өнөөдрийн жагсаалд оролцсон жолооч нарын хувьд бүгд сайн дураараа нэгдсэн ажээ. Уг жагсаал энэ сарын 9-ныг дуустал өглөө 07:00-11:00 цагийн хооронд болох юм. Маргаашийн жагсаалд 300 гаруй жолооч автомашинтайгаа оролцохоор болсон хэмээн зохион байгуулагч нар мэдээллээ.