Гэгээн хайрын сэдэвт яруу найргийн “Цагаан-Уул 2018” наадам өнгөрсөн баасан гаригт болж өндөрлөсөн. Монголын Залуучуудын Холбооноос 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадамд Балдоржийн Алтанхуяг тэргүүлсэн бол Б. Ганхүрэл аман хүзүүдэж, гутгаар байрт Т.Дарханхөвсгөл шалгарав.
Үүлс сэмрэхийг хараад л салхинд дургүй хүрдэг
Залуу найрагчдын уран бүтээлийн чансааг чамгүй шалгадаг уг наадамд энэ жил 120 гаруй бүтээл ирснээс IV шатанд зургаан оролцогч шалгарч, гурван оролцогчийн оноо тэнцэн дахин шүлэг уншин тэргүүн байрын төлөө өрсөлдсөн юм.
Сонирхуулахад МЗХ-ноос наадмын тэргүүн байрт шалгарсан яруу найрагчдын бүтээлээр эмхтгэл гаргаж, энэ сарын дундуур номын нээлтээ хийнэ.
“Цагаан Уул 2018” наадмын тэргүүн байрт шалгарсан Балдоржийн Алтанхуяг шүлэг
...Борооны чийгтэй адилхан чиний үнэр
Сэтгэлийг минь өөртөө цонх шиг татдаг
Болжморууд нойтон далавчаараа дусал хэрчин нисэх шиг
Бодол бүрээ уран суухуйд чиний тухай дурсамжууд арилдаг
Одоо надад үлдсэн ганц хайрцаг янжуур
Охидод уншсан шүлгийн мөрүүдээс ч үнэтэй санагдах
Эл хульхан гудамжаар ус туучин алхахуй
Амар амгалан ганцаардлыг мэдэрнэм
Харанхуйн тухай цог шиг төсөөллийг минь гартаа атгаад
Хаа нэгтээ гүйж яваа жаахан минь
Үзэсгэлэн гоо дотор чинь уй гуниг нуугддаг
Үүлс сэмрэхийг хараад л салхинд дургүй хүрдэг
Хагацалд цоо дүрүүлсэн шөнийг цолмон од сорох мөчид
Харцны чинь хүүхэн хараа томрохыг үзээд худлаа гэдгийг нь мэдсэн
Хавирган цаанаас нэг зүйл хатгуулдан өвдөж жигүүр минь хугарахад
Халуун цусаа асгаруулан байж өлмийд чинь унаад хайртай гэж хэлсэн
Даанч бидний хэн хэнд нь
Дарвуулт хөлөг шиг бардам зан заяасан
Эрхэмсэг зан, үзэсгэлэн гоо чинь хүртэл
Эхлэлээс холдож чадаагүй төгсгөл байсныг ухаарсан...