Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны бэлтгэлээ Филиппин улсад базааж буй манай хөл бөмбөгийн үндэсний шигшээ баг "Давао Агуйлас" багтай нөхөрсөг тоглолт хийж 2:0-ээр хожжээ. Улсынхаа шилдэг гурван клубын нэг "Давао Агуйлас" клубт Филиппиний шигшээ багийн зургаан тоглогч тоглодог гээд бодохоор муугүй өрсөлдөгч.
Манай шигшээ багаас С.Ганхуяг нэг гоол оруулан, Н.Цэдэнбалын дамжуулалтыг эсрэг багийн хамгаалагч өөрийн хаалганд хийж "Талын хөх чононууд" хожил авчээ.
Майкл Вайсс дасгалжуулагчтай үндэсний шигшээ багийнхан 30 хэмийн халуунд бэлтгэлээ базаан, нөхөрсөг тоглолт хийж энэ сарын 11-16-нд Тайвань улсад болох Зүүн Азийн АШТ-д оролцох юм. Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны эхний тоглолтоо энэ сарын 11-нд БНАСАУ-тай, 11-р сарын 13-нд Тайваньтай, 11-р сарын 16-нд Хонгконгийн багтай хийнэ.
Харин Токио 2020 олимпийн эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтод оролцохоор ирсэн Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн шигшээ баг Душанбе хотод эхний бэлтгэлээ хийжээ. Өчигдөр Тажикстаны багтай эхний тоглосон байна.