Бүл нэмж байгаа гэр бүлүүдэд шинэ гишүүндээ нэр сонгоход тийм ч амар байдаггүй.
Насан туршийн чимэг, магадгүй хувь заяаг нь ч шийдэж болох нэрийг олохын тулд төрөл бүрээр л үзэж тардаг.
Монгол хүүхдүүдэд хамгийн зохимжтой, зөв нэрийг сонгохдоо “Хүүхдэдээ ямар нэр өгөх вэ” зэрэг номоос харах нь ч бий.
Тэгвэл Америкт орчин үед дөрвөн үсэгтэй нэр трэнд болж байгаа гэнэ.
Урьд өмнө хоёр ба түүнээс дээш үгнээс бүрдсэн, холбоо урт нэр өгөх нь түгээмэл байсан бол жил ирэх бүр богиноссоор хүүхдэдээ нэр өгөхөд дөрвөн үсэг л хангалттай болжээ.
2017 онд Америкт Лиам, Ноа гэсэн нэрнүүдийг эрэгтэй хүүхдүүдэд хамгийн их өгсөн байна.
Харин охидод Эмма, Эва гэсэн хоёр нэрийг шинээр төрөгсдийн 2/3-т өгчээ.
Одоогоос 20 гаруй жилийн өмнө цөөн үсэгтэй нэрийг хүүхдүүддээ бараг өгдөггүй байж.
1990 онд Майкл, Кристофер, Жессика, Бриттани, Аманда, Саманта гэсэн нэрнүүдийг хамгийн их сонгодог байжээ.
Тус улсын хүүхдийн нэрний мэргэжилтэн Лаура Ваттенбэрг “хүүхдүүддээ богино нэр өгөх болсон нь эгшиг авиа гийгүүлэгч авианаас илүү зөөлөн, ялдам сонсогддогтой холбоотой” гэж тайлбарласан байна.
Мөн эцэг эхчүүд өвөг дээдсийнхээ нэрийг хүүхдүүддээ өгөх дуртай болжээ.
Тухайлбал Теодарийн ачид Тео, Вилгэльминагийн зээд Мина гэх зэрэг өвөг дээдэс, эмээ өвөөгийнхөө нэрийг товчлон өгөх нь нийтлэг ажиглагдах болсон байна.
Магадгүй богино нэр илүү хөнгөн хялбар, цэвэрхэн, тогтооход амар байж болох юм.
Монголчуудын хувьд хүүхдэдээ нэр өгөхдөө, таван махбодийн барилдлага, нэрний утга зэргийг сайтар судалж байж өгдөг.
2010 оны гарснаас хойш түүхэн нэр өгөх хандлага нэмэгдсэн байна.
Эх сурвалж: www.qz.com