Беларусь улсын Гомель хотод болсон зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ-ий аваргууд өчигдөр тодорлоо. Тэмцээнд VI тойргийн тоглолт манайхны хувьд "хар өдөр" байлаа.
Блиц тэмцээний охидын 8-10 насны ангилалд Б.Есүй 15 оноогоор тэргүүлж дэлхийн аварга боллоо
Насны ангилалдаа тэргүүлж явсан Б.Мишээл, хошуучлагчдын эгнээнд бичигдэж буй Г.Дүүрэнбилэг, М.Шийравжамц, 50% дээш амжилттай яваа Б.Пүрэвжаргал, С.Мөнх-Оргил нар учраагаа барсангүй.
Энэ тойрогт Укриан-Монголын таван хос тоглолт оноолт таарч, манайхан дөрөв хожигдож, ердөө ганцхан тоглогч буюу Н.Лхагвадолгор тэнцжээ.
Таатай мэдээ дуулгахад Б.Энхрийлэн дэлхийн хошой аварга ОХУ-ын Савва Зайкаг хожиж, М.Лувсандорж дэлхийн гурван удаагийн аварга Якутын Анатолий Протодьяконовтой тэнцэв. Блиц тэмцээний охидын 8-10 насны ангилалд Батдаваагийн Есүй 15 оноогоор тэргүүлж дэлхийн аварга боллоо.
Харин (түргэвчилсэн тоглолт)-ын төрөлд U-14 насанд Б.Дашчирэв IV, Б.Баярманлай V байр эзэлжээ. 9 тоглолтоос адилхан 12 оноо авсан таван тамирчин хүрэл медалийн төлөө коэффициент тоолсон бөгөөд зохион байгуулагч орны тамирчин Выдзерка, Херихи медаль дээр буусан байна.