Монгол Улсын Дархан аварга, Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх Ховд аймагт зочилж, ИТХ-н дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр тэрбээр аймгийн начин цолыг 1962 онд Ховд аймгаас анх хүртэж байсан тухайгаа бахархан дурсаж, Монголын үндэсний бөхийн хөгжил, цаашдын чиг хандлагын талаар бичсэн “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” III боть номоо гардуулан өгч, өсвөр үе, хүүхэд залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, бөхийн спортоор хичээллүүлэх, үндэсний өв соёлоо хадгалан уламжлах асуудлаар санал бодлоо солилцжээ.
“Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” номдоо монгол бөхийн 750 мэхийг судлан нэгтгэж баяжуулжээ
Дархан аварга “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” бүтээлдээ монгол бөхийн 750 мэхийг судлан нэгтгэж баяжуулсан байна. Энэхүү бүтээл нь Монголын үндэсний бөхөөр сонирхон хичээллэх өсвөр залуу үеийг сурган хүмүүжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой аж.