Бүсгүй хүний тухай, тэдний санаа бодол, зүрхэнд нь хөглөгдөх, хатаж гундах хайрын тухай өгүүлэх зохиолч Гүүгэлийн Соёлгэрэлийн бичсэн "Тэргүүн хатагтай" роман мэндэллээ. Тэргүүн хатагтайн дүрээр өнөөгийн нийгэмд бүсгүйчүүдэд үлгэр дууриалал болохуйц нэгэн эмэгтэйг номын хуудаснаа амилуулжээ.
Зохиолч бүсгүй Монголын улс төрийн амьдралын хөшигний араар сэм гэтэн шагайжээ. Тэгэхдээ тэргүүн хатагтайн хамтаар тайзны хажуу талын хөшигний ард орж зогссон байна. Энд улс төрийн намуудын золиос болж буй улс төрчдийн хүүхдүүд, сонгуулийн сөрөг пиар гэгч зүйл хэн нэгний амьдралыг хэрхэн сүйтгэдэг, авлигал хээл хахууль өөрийнх нь болоод өрөөл бусдын амьдралыг хэрхэн орвонгоор нь эргүүлдэг, албан тушаал гэгч үнэндээ амьдрал уу, эсвэл шунал уу, хүний амьдралыг бийрийн үзүүр, тамганы дардас хоёроор шийддэг улс төрчдийн тухай өгүүлсэн байна.
Энэ бүхний учгийг “Тэргүүн хатагтай”-н санаа бодол, үнэлэлт дүгнэлтээр дамжуулан илэрхийлж, улс төр гэдэг үнэндээ хүсэн тэмүүлэх алдар хүнд үү, эсвэл амьдралаараа бооцоо тавих бооцоот тоглоом уу? гэдгийг илрүүлэн гаргаж ирэхийг зорьжээ.Бүх зүйл орвонгоороо эргэхийн цагт “Тэргүүн хатагтай” чухам ямар үүрэгтэй вэ?