Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Сайдын зөвлөл өнгөрсөн сарын 30-нд хуралдсан хурлаар Ховд аймгийн Мянгад суманд үржүүлж буй “Мянгад” адуу, Хэнтий аймгийн “Галшарын улаан” ямааг бие даасан омгоор баталгаажуулж, Монгол Улсын малын генетик нөөцийн санд шинээр бүртгэсэн байна.
Ингэснээр Монгол Улсад үржүүлж буй бие дааж баталгаажсан үүлдэр, омгийн мал 49 болж, малын генетик нөөцөд суурилсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний цар хүрээг тэлэх, малын чанар, бүтээмжийг сайжруулах ач холбогдолтой юм.
Ховд аймгийн Мянгад сумын “Мянгад адуу” нь бие томтой, хээр, хүрэн, хул, бор зүстэй, бэлчээр сонгох чадвар сайтай, алдсан тарга хүчээ амархан нөхдөг, илүү хавирга, нугалам бүхий биологи, аж ахуйн өвөрмөц онцлогтой, чийрэг биетэй, уналга-хурд, махны чиглэлээр үржүүлэхэд тохиромжтой, уяа сойлго авахдаа сайн, хээл авах чадвар сайтай, сүү нь тослог ихтэй зэрэг олон давуу талтай юм.