Беларусь улсын Гомель хотод зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ үргэлжилсээр. Энэ удаагийн тэмцээнд дөрвөн тивийн 15 улсын 250 тамирчин 8-10, 11-13, 14-16, 17-19 насны ангилалд оюун ухаанаа уралдуулж байна.
Тэмцээний IV тойрог монголчуудын хувьд амжилттай өндөрлөлөө. Монгол Улсаас 24 тамирчин оролцож буй даамчнаас дөрвөн тоглогч хожигдсон юм. Манай тамирчид 50% болон түүнээс дээш онооны босгыг давав. Охидын 8-10 насны ангилалд хүснэгтийн тэргүүнд бичигдэж байсан хоёр монгол охин Б.Есүй, Ц.Мягмарсүрэн нар хоорондоо таарч "эвийн гэрээ" байгуулав.
Мөн Б.Баярманлай өмнө нь нэг бус удаа хожигдож байсан дэлхийн хошой аварга Савва Зайка (ОХУ)-тай, Б.Пүрэвжаргал Азийн АШТ-д олонтаа таарч тоглосон Дү Ифү (БНХАУ)-тэй, Б.Мишээл хүчтэй өрсөлдөгчдийн нэг Яна Лазовик (Беларусь)-тай тус тус тэнцжээ. Тэгвэл V тойрогт ОХУ-ын Вера Горбачеваг хожсон спортын мастер Б.Мишээл 8 оноотой хүснэгтийн манлайд бичигдэж эхэллээ.
Түүний араас 7 оноотой таван тоглогч нэхэж байгаагийн нэг нь спортын мастер Г.Дүүрэнбилэг. Мөн залуучуудын ангилалд тоглож буй 2016 оны дэлхийн аварга М.Шийравжамц дараалан хоёр хожиж, аваргын төлөөх өрсөлдөөнд "нэгдэв". Бага насны охидыг гараанаас эхлэн хошуучилсан Б.Есүй гол өрсөлдөгчдийнхөө нэг Беларусийн Евгения Шведтэй тэнцсэнээр байр сууриа хадгалан үлдэж чадсан юм. Сүүлийн гурван тоглолтоос 5 оноо авсан М.Лувсандоржийн хувьд ч багагүй боломж бий.
Тэмцээний үндсэн төрлийн VI дугаар тойрог өндөрлөхөд 8-10 насны охидын ангилалд 28 тамирчнаас Б.Есүй 9 оноотой тэмцээнийг тэргүүлж байна. Мөн 11-13 насны охидын ангилалд Н.Лхагвадолгор 8 оноотой III байранд бичигдэж байна. Түүний энэ ангилалд 32 охин өрсөлдөж буй. Өнөөдөр (2018.11.01) блиц дэлхийн аваргууд тодорно.