УИХ дахь АН-ын бүлэг аравдугаар сарын 26-нд Монгол улсын Ерөнхий сайд болон УИХ-ын дарга М.Энхболд хандан Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хууль бус зарцуулалтын талаар шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардлагад нэр бүхий сайд, гишүүд нь "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл нь иргэдээ дэмжих зорилготой ч УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд өөрсдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниудад эрх мэдлээ урвуулан ашиглаж зээл олгосон, зээл авсан үйлдэл нь хөнгөлөлтэй нөхцөлтэй зээл завшиж, мөнгө угаасан байж болзошгүй байна" гээд шаардлагын хариуг аравдугаар сарын 30-ны дотор өгөхийг заасан юм.
Ерөнхий сайд болон УИХ-ын даргын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй тул өнөөдөр хуралдсан УИХ-ын чуулган эхлэхэд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Улсын Их Хурлын чуулганы хуралдаан болон бусад байнгын хороодын хуралдаанд оролцохгүй" гэдгээ мэдэгдэн чуулганы танхимыг орхин гарлаа.