Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин судлалын үндэсний төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу ээлжит 125 мянган хүн тун томуугийн вакциныг энэ сарын 25-нд хүлээж авчээ. Эдгээр вакцинаар улсын хэмжээний эмч, эмнэлгийн ажилчид, Улаанбаатар хотын зарим цэцэрлэгийн хүүхдүүд, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид болон зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах юм байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.
-Энэ жил 125 мянган хүн тун томуугийн вакциныг хүлээж аваад байгаа юм байна. Хэчнээн хувийг нь зорилтот бүлгийн хүн амд зориулах вэ?
-Одоогийн байдлаар улирлын томуугийн вакциныг аймаг, орон нутгуудад түгээх ажил хийж байна. Улсын хэмжээнд тав хүртлэх насны хүүхдүүдэд нийт вакцины 60 орчим хувийг, эмч эмнэлэгийн ажилчдад тодорхой хувийг, онцгой байдал болоод цэрэг цагдаагийн ажилчдад найм орчим хувийг нь хийхээр болсон. Мөн архаг суурь өвчтэй болон өндөр настанд нийт вакцины арав орчим хувийг хийхээр төлөвлөөд ажиллаж байгаа.
Бага насны хүүхдүүдэд товлолын вакцин гэж байдаг шүү дээ. Товлолын вакцинаа хийлгэсэн хүүхэд 28 хоног буюу түүнээс дээш хоногийн дараа томуугийнхаа вакциныг хийлгэх заалттай
-Томуугийн вакцин хаанаас ирсэн бэ?
-Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн вакцин ирсэн байгаа. Энэ вакцин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан. Дэлхийн хойд бүс буюу манай Монгол Улс оршдог бүсэд хамгийн их дэгддэг вирусээс хамгаалах вакцин юм. Энэ вакцинд гурван төрлийн вирусийн эсрэг бүтээгдэгдэхүүн агуулсан байгаа. Монгол Улсад хамгийн их дэгдэлт үүсгэдэг А болоод б хүрээний вирусийг дарангуйлна.
-Хориглох заалт байгаа юу?
-Өндөг юм уу тахианы маханд харшилтай хүмүүс хийлгэхгүй. Хэрвээ томуугийн вакцин өмнө нь хийлгээд хариу урвал өгч байсан бол хийлгэхгүй. Мэдээж хүүхэд эрүүл байх үедээ хийлгэх ёстой. Халдварт өвчин болон томуу, томуу төст өвчнөөр өвдөөгүй байх хугацаандаа хийлгэх ёстой. Бага насны хүүхдүүдэд товлолын вакцин гэж байдаг шүү дээ. Товлолын вакцинаа хийлгэсэн хүүхэд 28 хоног буюу түүнээс дээш хоногийн дараа томуугийнхаа вакциныг хийлгэх заалттай.
-Өнгөрсөн жил хэд, хэдэн цэцэрлэгийг сонгоод томуугийн вакциныг үнэгүй хийж байсан. Энэ жил хэчнээн цэцэрлэг хамрагдах бэ?
-Энэ жил тодорхой тооны цэцэрлэгүүдийг хамруулан үнэгүй хийнэ. Харин ХӨСҮТ болоод аймгуудын Эрүүл мэндийн газарт сайн дурын үндсэн дээр 15000 төгрөгөөр хийлгэх боломжтой. Одоогоор цэцэрлэгийн жагсаалт гараагүй байна. Ерөнхийдөө Улаанбаатар хотын цэцэрлэгүүдэд хийгдэнэ. Ямар дүүргийн аль хэсэгт өвчлөл өндөр байгааг судлаж байж шийднэ.
-Томуугийн вакцин хэчнээн төгрөгийн өртөгөөр орж ирсэн бэ?
-45 мянган хүн тун вакциныг Монгол Улсын Засгийн газар өөрөө 300 гаруй сая төгрөгөөр худалдаж авсан. АНУ-ын Даян дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас орж ирж байгаа вакцины хувьд 300 мянган ам.долларын үнэтэй.