Дэлхийн долоон тэрбум гаруй хүн амын бараг 1/3 нь буюу 1,8 тэрбум нь 15-аас доош насны хүүхдүүд байдаг.
Эдгээр 2 тэрбум орчим хүүхдүүдийн 93 хувь нь хортой агаараар амьсгалж эрүүл мэнд, өсөлт хөгжил нь эрсдэлд орсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарууллаа.
“Агаарын бохирдол ба эрүүл мэнд” олон улсын бага хурал анх удаа Женев хотод болох гэж байгааг угтан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг судалгааны дүнг танилцуулжээ.
2016 онд 600,000 хүүхэд агаарын бохирдлоос болж амиа алдсан. Таваас доош насны хүүхдүүдийн нас баралтад 10 хүүхэд тутмын нэг нь агаарын бохирдлоос болж амиа алддаг гэжээ.
Бага насны хүүхэд хортой, бохир агаараар амьсгалснаар мэдрэлийн тогтолцооны хөгжил, танин мэдэх чадварт муугаар нөлөөлж, хүүхдүүд багтраа, хорт хавдраар өвчлөх магадлал ихэсдэг.
Үүгээр ч зогсохгүй хортой агаараар амьсгалж өссөн хүүхдүүд насанд хүрээд зүрх судасны өвчлөлд амархан өртдөг гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.
Насанд хүрэгчдээс илүү хүүхдүүдэд бохир агаар муу нөлөө үзүүлдэг нь ойр ойрхон амьсгалж илүү их хор шингээж байгаатай холбоотой гэнэ.
Агаарын бохирдол хамгийн их хот нь Энэтхэгийн Шинэ Дели юм байна.
Тэгвэл агаарын бохирдол гэсэн дэлхийн нийтийг хамарсан гамшгаас хэрхэн салах вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бөмбөрцөг даяараа яаралтай уг асуудалтай нүүр тулж, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг уриаллаа.
Бохирдлыг бууруулахын тулд нүүрсний хэрэглээг багасгаж, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлыг зохицуулах, сургууль цэцэрлэгүүдийг хөдөлгөөн ихтэй автозам, үйлдвэрийн газруудаас хол байрлуулах зэрэг шинэ алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ.
Тус байгууллага эрүүл мэндэд тустай бохирдолгүй тээвэр, хот төлөвлөлт, эрчим хүчний эерэг байгууламж, шинэ технологиудыг нэвтрүүлэх санал санаачилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна.
Эх сурвалж: www.cnn.com