Олимпийн төрөлт таеквондогийн спорт Монгол улсад төдийгүй Дэлхийд хурдацтай хөгжсөөр байна. Дэлхийн Таеквондогийн холбооноос гаргасан судалгаагаар дэлхий дээр энэхүү спортоор 90 сая гаруй хүн тогтмол хичээллэж байна. Манай улсад хот, хөдөөгийн нийт 56 салбар холбоо, клубт 4000 гаруй хүүхэд залуучууд таеквондогийн спортоор хичээллэдэг. Манай улсаас таеквондогийн төрлөөр 2016 оны Риогийн зуны Олимпийн Их наадамд -68кг жинд Монголын Таеквондогийн Үндэсний Шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин П.Тэмүүжин оролцон ямар гайхалтай тулааныг хийж шагналт тавдугаар байранд шалгарч байсныг санаж байгаа бизээ.
Түүний шилдэг тулаануудын түүвэр бичлэгийг үзэж сонирхоно уу.
БНХАУ Таеквондогийн спортыг бодлогоор дэмжиж хоёр жилийн өмнөөс Вуши хотноо жил бүр тогтмол Их дуулга тэмцээн болон түүний сорил тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилээс уг тэмцээнээ Олимпийн эрхийн оноо олгох тэмцээн болгон өргөжүүлсэн байна. Хоёр хоногийн өмнө болж өнгөрсөн "2018 World Taekwondo Grand slam champions series-2020 Olympic qualification tournaments" тэмцээнд нийт 26 орны 200 гаруй шилдэг тамирчид оролцлоо. Олимпийн жингийн ангилалаар явагддаг уг тэмцээнд эхний гурван байранд орсон тамирчид 2018 оны 12 сарын 9-16 өдрүүдэд болох WUXI 2018 WORLD TAEKWONDO GRAND SLAM SERIES их дуулга тэмцээнд оролцох эрхээ авсан ба Их дуулга тэмцээнд түрүүлсэн жин тус бүрийн тамирчин 70.000$ хүртэхээс гадна Олимпийн их наадамд оролцох эрхээ гардан авах юм. Уг тэмцээнүүдэд Монголын Таеквондогийн Холбооны олон улсын зэрэгтэй шүүгчид болох Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж нар шүүгчээр оролцож байна. Харин тамирчдын тухайд манай улсаас энэ жилийн сорил тэмцээнд оролцоогүй ба ирэх жилийн тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа юм байна.
Ингээд "2018 World Taekwondo Grand slam champions series-2020 Olympic qualification tournaments" тэмцээний сүүлийн өдрийн шигшээ тоглолтуудыг бүрэн эхээр нь хүргэж байна.