Шоколад амтлах дургүй хэн байх билээ. Тэгвэл дэлхий дээрх хамгийн тансаг амттануудын нэг шоколадыг 1,500 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн гэж судлаачид үздэг.
Гэтэл үүнээс ч өмнө уг амттаныг амталж байсан гэвэл та итгэх үү?
Тодруулбал 5,300 жилийн тэртээ хүн төрөлхтөн шоколад гэгч шидтэй амттаныг амталж байсан гэх нотолгоо олсон гэж эрдэмтэд танилцуулжээ.
Амазоны ширэнгэн ойгоос шоколадны гол орц какаоны ургамал 5,000 гаруй жилийн өмнө ургаж байсныг нотлох баримт олсон байна.
Халуун орны бүсэд буюу одоогийн Эквадор улсад амьдарч байсан уугуул иргэд какаог амны цангаагаа тайлахад, хүнсэндээ төдийгүй анагаах ухаанд хэрэглэдэг байсныг нотолжээ.
Саяхныг хүртэл бид шоколадыг төв болон өмнөд Америкаас гаралтай гэдэгт итгэлтэй байсан билээ.
Эквадорын өндөрлөг бүсэд оршдог Санта Ана археологийн дурсгалт газраас олдсон ваар савнуудыг шинжлэхэд дотроос нь эрдэнэшиш, амтат төмс, какаоны модны үр олдсон байна.
Санта Анагийн археологийн олдворууд 5,300-2,100 жилийн өмнөх үед хамаарагддаг.
Вааран савнаас олдсон какаоны үлдэгдэлд ДНК-ын шинжилгээ хийхэд какаог хүнсэнд хэрэглэхэд зориулж өтгөрүүлсэн болон амны цангаа тайлах зорилгоор шингэрүүлсэн байжээ.
Судалгааг ахалсан профессор Блэйк “энэ удаагийн олдвор Амазоны ширэнгэн ойн иргэдийн дэлхийд өгсөн гайхамшигт бэлгүүдийн нэг” гэжээ.
Какаоны мод чийглэг, халуун орны ойд ургадаг. Какао жимс цагаан эдээр хучигдсан үртэй. Эдгээр үрнүүдийг наранд хатаахад өнгө нь бор болон хувирч, бидний хэрэглэдэг какаоны үр бий болдог байна.
Төрөл бүрийн амттан, хүнсэнд хэрэглэхээс гадна арьс арьчилгаа, анагаах ухаанд хэрэглэдэг болжээ. 2008-2009 оны хооронд дэлхий дээр 3,5 сая тн какаог бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашигласан байдаг.
Эх сурвалж: www.bbc.com