Жил бүрийн 11 сарын 02-нд Монголын Уран Сийлбэрчдийн баярын өдөр болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөр Монгол уран сийлбэрчид өөрсдийн хийж бүтээсэн, сурч мэдсэн, ололт амжилтаа монголчууддаа тайлагнан нэгдсэн үзэсгэлэн гаргадаг уламжлалтай.
“ЦОЙ” үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн уран сийлбэрч СГЗ Г.Цогбаярын шавь нар буюу Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийн (ДУДС) үе үеийн төгсөгчид зохион байгуулдаг.
"ЦОЙ" хэмээх нь зөвхөн сийлбэрийн урлагт хэрэглэгддэг хэллэг бөгөөд “Аливаа дүрс, биетийн ерөнхий хэлбэрийг гаргах үйл явц”-ыг хэлдэг аж.
Монгол уран сийлбэрчид мод, чулуу, металл, цас, мөс, яс зэрэг олон төрлийн материалаар уран бүтээл туурвиж, Монголд төдийгүй Олон Улсын уралдаан тэмцээн, үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцсоор буй. Энэ жил таван жилийнхээ ойг тохиолдуулан монгол сийлбэрийн урлагийн хөгжлийг харуулахыг зорин шинэлэг орчин бүрдүүлэхээр “NORPHEI ART GALLERY”-тай хамтран ажиллаж байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэн 11 сарын 08 хүртэл үргэлжилнэ.
"ЦОЙ 2018" үзэсгэлэнд мэргэжлийн 30 гаруй уран бүтээлчдийн 40-45 уран бүтээл дэлгэгдэх юм. "ЦОЙ 2017", "ЦОЙ 2018" Монгол Уран Сийлбэрчдийн нэгдсэн үзэсгэлэнг ДУДС-ийн 2008, 2009 оны төгсөгчид хамтран зохион байгуулж, “Боржин суварга” ХХК дэмжин ажиллаж буй.