Канадын иргэн Линет Мэнн Левис 1987 оны зургадугаар сарын 24-ний өдөр дөнгөж хоёр ой хүрэх гэж байсан бяцхан хүүгээ хулгайд алджээ.
Өнгөрсөн 31 жилийн турш нэг ч удаа шантралгүй Америк, Канадын цагдаагийн газарт хандан хулгайлагдсан хүүгээ олохын тулд эрэл хайгуулын ажлаа үргэлжлүүлэх хүсэлт тавьсаар байж.
АНУ-ын цагдаа нар өнгөрсөн баасан гарагт хүүг хулгайлсан этгээдийнх нь хамт олж илрүүлсэн байна.
Хачирхалтай нь хүүгийн эцэг төрсөн хүүхдээ эхээс нь салган хулгайлж 1987 оноос хойш хуурамч нэр, төрсний гэрчилгээ, биеийн байцаалт ашиглан амьдарч байжээ.
33 настай Жермайн Аллан Мэнн ээжтэйгээ эсэн мэнд уулзсан байна. Харин хүүгийн аав 66 настай Аллан Мэннийг хуурамч бичиг баримт ашигласан хэргээр баривчлан саатуулаад байгаа юм.
Канад, Гана улсуудын давхар иргэншилтэй байсан этгээд Техасаас Коннектикутад шилжиж ирсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлэн амьдарч байжээ. Цагдаа нар түүнийг 26-ны өдөр Коннектикутын Вернон хотод баривчилсан аж.
Хулгайлагдсан хүүгийн эцэг эх ой хүрч байхад нь салцгааж, жилийн дараа хатагтай Линет Мэнн Левис хүүгээ аван Канад руу явах гэж байсан гэнэ. Энэ үеэр эцэг нь хүүгээ хулгайлсан байна.
Хүүгээ эрж олох хүсэл эрмэлзлээсээ нэг ч удаа шантарч байгаагүй Линет “Таны хүү амьд, бид олсон гэдэг үгийг сонсоод зүрх минь амаар гарах шахсан. Юу мэдэрч байгаагаа үгээр илэрхийлэх аргагүй байна. Хүүгээ анх хараад л таньсан” гэж ярьжээ.
Мөн үргэлжлүүлэн “Өнгөрсөн 30 гаруй жил маш их шаналж ядарсан ч нэг ч удаа бууж өгөөгүй. Тэвчээртэй, хүчтэй байж бүх зүйл болно гэдэгт итгэх хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт бодит байдал илэрдэг юм” гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com