Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дөрвөн жилийн өмнө “Эм Эс Пи Ди” ХХК өөрсдийн хөрөнгөөр ДДТ-ийн 2-р хэлхээг барьсан юм. Гэтэл энэ сарын 7-ны өдөр тус дулааны шугамаас дахин дулааны шугам татуулахаар иргэн Ш.Чимэддорж техникийн нөхцөл гаргуулсан гэх албан бичигтэй ирснээр маргаан дэгджээ.
“Эм Эс Пи Ди” ХХК-иас зөвшөөрөл авалгүйгээр Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох техникийн нөхцөлийг иргэн Ш.Чимэддоржид олгосон
Хууль журмандаа өөрсдийн хөрөнгөөр барьсан дулааны шугам сүлжээнээс дулаан авахаар бол тухайн барьсан компаниас зөвшөөрөл авах ёстой байдаг. Гэтэл “Эм Эс Пи Ди” ХХК-иас зөвшөөрөл авалгүйгээр Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох техникийн нөхцөлийг иргэн Ш.Чимэддоржид олгосон байгаа юм. Бид өмнө нь Сайд Ц.Даваасүрэнг газрын даргынх нь хамт АТГ-аар шалгуулна хэмээн нийтлэл гаргасан. Хууль бус шийдвэртэй холбоотой асуудлаар тус компани АТГ болон ЭХ-ний сайдад албан бичиг өгөөд байгаа аж.
Бид дээрх явдлын талаар “Эм Эс Пи Ди” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэтэй уулзан ярилцсан юм.
-Танай компани АТГ, Эрчим хүчний яам, МХЕГ, Дулааны шугам сүлжээ, Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт өргөдөл гаргасан гэсэн. Өргөдлийн дагуу ямар шийдвэр гарсан бэ?
-Манай өргөдлийн дагуу энэ сарын 15-нд техникийн нөхцөлийн хурал хийсэн. Хоёр талыг дуудан оролцуулахаар болсон ч Ш.Чимэддорж ирээгүй. Уг хурал дээр техникийн нөхцөлийн баримт бичиг дээрх 7.1.3 заалт өөр байсан. Ш.Чимэддоржийн техникийн нөхцөлийн зураг төсөл дээрх 7.1.3-т “Зураг төслийн шатанд шугамын трасс, авлагааны цэг сонгохдоо шугам, тоноглол эзэмшигчтэй зөвшилцсөн байх”.
Гэтэл Эрчим хүчний яаман дээр хадгалагдаж байгаа архив дээрх техникийн нөхцөл нь 7.1.3-т “Зураг төслийн шатанд шугам трасс, авлагааны цэгийг сонгохдоо шугам тоноглол эзэмшигч Эм эс пи ди компанитай зөвшилцөх” хэмээн хоёр өөрөөр бичигдсэн байсан. Хоёр өөр техникийн нөхцөл харагдаад байдаг. Хоёулаа тамга тэмдэгтэй гарын үсэгтэй хүчин төгөлдөр байсан.
Уг хурал дээр Эрчим хүчний яаманд байгаа баримт бичиг хүчин төгөлдөр “Эм Эс Пи Ди” ХХК-иас зөвшөөрөл авч байж техникийн нөхцөл олгоно хэмээн заасан хэмээн тайлбарласан. Гэтэл манайхаас ямар ч зөвшөөрөл аваагүй. Уул нь зөвшөөрөл авч байж ажлын зураг батлагдах ёстой. Хуралд Хот төлөвлөлтийн газар, Улаанбаатар Дулааны сүлжээ төлөөлөл оролцсон бөгөөд тэд хэлэхдээ “манай дээр ямар нэгэн ажлын зураг батлуулсан зүйл байхгүй ээ” хэмээсэн. Иргэн Ш.Чимэддорж ажил эхлэх зөвшөөрөл аваагүй, ажлын зургаа ч батлуулаагүй шууд техникийн нөхцөлөө бариад ажилласан байсан. Одоо бараг хүчээр холбож авах гээд дайраад байгаа.
Уг хурлын шийдвэрээр техникийн нөхцөлийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бид нарын зүгээс хүчингүй болгож өгөөч гэсэн хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй. Одоогоор тус хурлаас гарсан шийдвэр албан ёсоор бичгээр ирээгүй байна.
-Техникийн нөхцөлийг түдгэлзүүлсэн гэхээр Ш.Чимэддоржийн техникийн нөхцөл яана гэсэн үг вэ?
-Техникийн нөхцөлийн дагуу ямар нэгэн ажил хийхгүй юм байна хэмээн ойлгож байна. Өөрөөр хэлбэл, дулааны зураг батлагдахгүй, ажлын зураг нь батлагдахгүй энэ жилдээ дулаанд холбохгүй гэж хэлж байсан. Он гараад дахин сэргээх эсэхийг мэдэхгүй байна. Ш.Чимэддорж нь Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтохын техникийн нөхцөлийг өөрчилсөн үү, эсвэл манай шугамыг ашиглах зөвшөөрлийг хууль бусаар авсан эсэхийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахаар өгсөн байгаа хэмээв.