Индонезийн нийслэл Жакартагаас Пангкал Пинанг хот уруу нислэг үйлдэж байсан Лион Эйр нислэгийн компанийн “Боинг 737” зорчигч тээврийн онгоц сураггүй алга болжээ.
JT-610 нислэгийг үйлдэж байсан онгоц Жакартагаас нисээд хэдхэн минутын дараа нислэгийн хяналтын төвөөс холбоо тасарсан байна.
Онгоц алга болох үедээ далай дээгүүр нисч байсан ба онгоцонд 190 орчим зорчигч байсан гэжээ.
Индонези улсын Эрэл хайгуул, аврах агентлагийн төлөөлөгч Юсуф Латиф “онгоц сүйрсэн нь гарцаагүй” гэж мэдэгджээ. Тодруулбал Жава тэнгисийн ойролцоо сүйрсэн онгоцны сэг харагдсан байна.
Мөн Лион Эйр нислэгийн компанийн зүгээс “Сураггүй болсон онгоцны талаар мэдээлэл өгөх боломжгүй, мэдээлэл цуглуулж байна” гэлээ.
Сураггүй болсон Боинг онгоц өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 06:20 минутад Жакартагаас хөөрч, цагийн дараа Пангкал Пинанг хотод газардах ёстой байжээ. Гэсэн ч 6:33 минутад буюу хөөрснөөс хойш 13 минутын дараа холбоо тасарсан.
Түүнчлэн сүйрсэн байж болзошгүй гэж үзэж байгаа онгоцыг 2016 оноос хойш ердөө хоёрхон жил ашиглаж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com