Шөнө бүр босч гурван сартай хүүхдэдээ сүү уулгах хэрэгтэй болсон аавд нэгэн шилдэг санаа төржээ.
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн өмнө тулгардаг асуудал бол хөхний сүүг дахин халааж, хэрхэн хүүхдэдээ өгөх вэ гэдэг багахан хүндрэл.
Учир нь хөхний сүүг хэт халаах болон цахилгаан зууханд хийвэл шим тэжээлээ алддаг. Сүүгээ зохих ёсонд халаах, зориулалтын угж саваа цэвэрлэхэд багаар бодоход 10 минут, түүнээс ч илүү хугацааг зарцуулах нь бий.
Шөнө бүр бөх нойрсож чадаагүйгээс ядарсан аав хүүхдэдээ зориулсан аяганы талаар бодож эхэлжээ.
Түүний төсөөлсөн аяганы ёроол ердийнх шиг хавтгай биш, дугуй хэлбэртэй, үзүүр нь хөх шиг хэлбэртэй байв.
Айаль Лантернари шинэ санаагаа хэрэгжүүлэхээр сайн найз био анагаах ухааны инженер Асаф Кехат руугаа залгаж энэ тухай ярьжээ. Хоёр найз уйгагуй хөдөлмөрлөж, судалгаа хийхэд нэг жилийн хугацаа зарцуулж 2013 оны хоёрдугаар сард “Нанобэбэ” компани мэндэлсэн байна.
Найзууд эхний ээлжинд аягаа цахим хэлбэрээр борлуулжээ. Дараа нь өөрсдийн гэсэн албан газартай болов.
Компанийн үйл ажиллагаа жил ирэх тусам өргөжиж нярай хүүхдэд зориулсан аяга, хөхний сүү хадгалах сав зэрэг эко бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхэлжээ.
Одоо тэдний бүтээгдэхүүн зах зээлд аль хэдийн байр сууриа олж 170 дэлгүүрт зарагдаж, удахгүй Уолмартын 1,215 салбар дэлгүүрээр борлуулах эрх авсан байна.
Айаль Лантернари, Асаф Кехат нар хар багаасаа үерхсэн найзууд бөгөөд хөрш зэргэлдээ амьдардаг аавууд юм.
Эх сурвалж: www.cnn.com