Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “Мандахуй сэцэн хатан” кино дэлгэцэнд гарч үзэгч олны хүртээл болсны 30 жилийн ойд зориулсан архивын баримт, гэрэл зураг, биет үзмэр, киноны уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэнг өнөөдөр дэлгэн харуулав
Жил бүрийн аравдугаар сарын 27-ны өдрийг “Кино, дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд Архивын ерөнхий газар тав дахь жилдээ тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг өдрийн хүрээнд Архивын ерөнхий газрын Кино, гэрэл, зураг, дуу авианы баримтын архивт 35 мм-ийн хальсан дээр хадгалагдаж буй Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “Мандахуй сэцэн хатан” кино дэлгэцэнд гарч үзэгч олны хүртээл болсны 30 жилийн ойд зориулсан архивын баримт, гэрэл зураг, биет үзмэр, киноны уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэнг өнөөдөр дэлгэн харуулав.
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр тус кинонд тоглосон, оролцсон уран бүтээлчид хүрэлцэн ирж сонирхсон бөгөөд уулзалт хэлэлцүүлгийг хийсэн юм. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Амьдрал гэдэг урсан алга болдог. Хүн амьдарч байгаа мөч болгоноо үлдээж, авч байх хэрэгтэй юм байна. Хүн чинь эцсийн эцэст өөртөө нэг их хэрэг болдоггүй бусдад хэрэг болдог юм байна. Бусдад хэрэгтэй хэмээн юмаа үлдээж байх ёстой юм байна” хэмээв.
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд “Мандухай сэцэн хатны дүр бол миний хайртай дүрүүдийн нэг. Чадал маань хүрээгүй зүйл ч бий. Гэхдээ миний уран бүтээлийн нэгэн хэсгийг эзэлж байдаг бүтээл. Тийм учраас энэ бүтээлдээ хайртай. Энэ бүтээлд оролцсон бүх хүмүүст баярлаж, талархаж явдаг. Энэхүү бүтээлийг маань үзэж бидэнд сэтгэлийн тэнхээ өгч байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа” хэмээсэн юм.
Уг үзэсгэлэнд Монгол Улсын төрийн соёрхолт зураач Пүрэвсүх агсны Мандухай сэцэн хатан кино хийж байх үеийн гар зураг, эскиз, тэмдэглэл зэрэг ховор сонин баримтууд дэлгэгдсэнээс гадна киноны пробонд орж байсан жүжигчдийн гэрэл зураг, бүртгэл анкетыг тавьсан байв. Мөн кино дэлгэцнээ гарсны дараа Монгол орны өнцөг булан бүрээс ирж байсан захидал, мэндчилгээнүүдийг олон нийтийн хүртээл болгожээ. Энэхүү үзэсгэлэн ирэх сарын 9 хүртэл Архивын ерөнхий газарт гарах юм байна.