Өнөөдөр өглөө Хятадын Чончин хотын Банан дүүрэгт байдаг цэцэрлэгийн хүүхдүүд рүү үл таних эмэгтэй дайрч, хүүхдүүдийг зүсч гэмтээсэн хэрэг гарчээ.
9:30 минутын үед “Юдон шинэ зуун” нэртэй цэцэрлэгийн өглөөний дасгалын дараа анги руугаа алхаж байсан хүүхдүүд рүү хүнсний хэрэглээнд зориулсан хутгатай эмэгтэй дайрсан байна.
Гэмт этгээдийг цэцэрлэгийн ажилтан, хамгаалагчид барьж, цагдаагийн газарт саатуулаад байгаа юм.
Одоогоор ямар сэдэлтэйгээр хүүхдүүд рүү дайрсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжууд гэмт этгээд эрх баригчдын эсрэг өс санасан байсан гэжээ.
14 хүүхэд хутганы ирэнд зүсүүлж, эмнэлэгт хүргэгдсэн. Хоёр хүүхэд амиа алдсан тухай цуу яриа гарсан ч албаныхан үгүйсгэлээ.
Халдлага үйлдсэн этгээд 39 настай, Лю овогтой. Цэцэрлэгийн гадаа цугласан иргэд түүн рүү хог шидэж, дургүйцэл зэвүүцлээ илэрхийлсэн байна.
Хятадад анх удаа цэцэрлэгийн хүүхдүүд рүү дайрсан хэрэг гарч байгаа биш. Өнгөрсөн дөрөвдүгээр сард 28 настай эрэгтэй Шаньси мужийн дунд сургуульд халдаж есөн сурагчийн аминд хүрсэн. Гэмт этгээдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ял оноосон юм. Уг хэргийг үйлдсэн ялтан дунд сургуулийн ангийнхаа хүүхдүүдэд шоглуулдаг байсандаа өс санасан байжээ.
2017 онд хутгаар зэвсэглэсэн этгээд цэцэрлэгийн хана руу авирч, 11 хүүхэд шархдуулж байжээ.
Энэ мэтчилэн гэмт халдлагуудын сэдэл ихэнхдээ өс хонзон санасан, эрх баригчдыг үгүйсгэснээс үүдэлтэй байдаг байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com